Буриадын элитүүдийн халаа айсуй
Бид Монголынхоо уншигчдад зориулан эдүгээ хилийн энэ зүгт болж буй үйл явдлын тухай мэдээ, мэдээлэлийг монгол хэлээр үргэлжлүүлэн, орчуулан хүргэж байх болно. АРД сайтын нийтлэлч Бато Очировын үзэж буйгаар эдүгээ буриадын элитүүдийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх буюу дахин бий болгох цаг нь ирээд байгаа гэнэ.
Сүүлийн үед хэдийгээр дээрээс хавчин хяхаж, ийм маягаар буриад үндэстэнийг дахин сэргээх гэж чармайж буй үндэсний хөдөлгөөний эхлэлийг дарах гэж оролдож байгаа ч Буриадад үндэсний ухамсар бага ч атугай сэргэж байна.
Нийгмийн зүтгэлтэн Булат Шагжин "Олон санал санаачлагууд хайхрамжгүй байдлын хана мөргөөд бутран унаж байна. Одоо бидэнд буриад хэл, буриад соёл хүмүүст ер нь хэрэгтэй юмуу хэмээн байнга бодохдоо тулаад байна шүү дээ. Хоосон мөрөөдөлдөө автаж байна уу гэхээр бас тийм биш. Гэтэл сонгууль дөхөхөөр улиг болсон үндэс угсаа ярьсан хүмүүс. Яг үнэн хэрэгтээ бол хэдэн тэрбумыг чихсэн түрийвчнээсээ хэдхэн мянган цаас буриадын соёлын төлөө, энгийн ардын төлөө гаргахдаа харамлана шүү. Тэгээд бас хэдэн зуун зөвлөхтэй гэж байгаа..." хэмээн ярьж, бичиж буй нь үнэн болох нь харагдсаар л байгаа.
Булат үүнийг цөхөрсөндөө бичсэн хэрэг. Өөрсдөд нь хүртэл амин чухал энэ асуудалд Буриадын элитүүд ингэж дув дуугүй дүнсийн сууна гэж бодоогүй байх л даа.
Булат Шагжин – буриад-монголчуудын нийгэм, соёлын зүтгэлтнүүд, зохиолчдын байнгын уулзалтыг зохион байгуулагч... Булат Шагжины нүүрномын зургууд. Фото Булатийн Фейсбук.
Булат Шагжиний хэл, соёлоо дахин сэргээхээр хийж байгаа түүний ажил нь Буриадын түүхэн дэх маргашгүй хамгийн чухал нийгэм-улстөрийн ажиллагаа боловч энэ бүхнийг Булат зөвхөн өөрийнхөө хөрөнгөөр л хийж байгаа юм. Гэхдээ бас ингээд дуусах болоогүй шүү. Минийхээр Булатын хувийн хүчин чармайлт нь нийгэм-улс төрийн зүтгэлтний хувьд дөнгөж л өөрийнхөө хөгжлийн гараан дээр ирээд байгаа агаад харахад хүнд сорилт туулаад ч болтугай амжилтад хүрэх байх аа.
Түрүүхэн болж өнгөрсөн Оросын Хамба Ламын хүрээлэнгийн 250 жилийн ойд Буриадын Засгийн газраас дөнгөж 3 сая рубль гаргажээ. Буриад нь бүхий л Орос орны Буддизмын төв гэхэд энэ мөнгө тун хариугүй юм.
Харин Оросын Хамба ламын хүрээлэн нь 12 жилийн өмнө ХII Бандид Хамба лам Даш Доржо Этигэловыг эргэн заларснаар жинхэнэ дэвжин дээшлэх болсон юм. Харин ХХIV Бандид Хамба ламын үйл ажиллагаа үнэхээр сэтгэл хөдөлгөм. Богинохон хугацаанд Буриадад өчнөөн олон дацан, суврага босож, Иволгийн дацанд гэхэд л Хамба лам Дамба Аюшеевийн өргөөнөөс эхлээд нэлээд хэдэн ордон сүм баригдсан. Ийм хүчтэй буддизмын сэргэн мандалт эдүгээ Монголд ч, Халимагт ч мөн Тувад ч гараагүй байна.
XXIV Бандид Хамба Лам – ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд Иволгинийн дацанг танилцуулж байна. Фото SCP.com.
Хамба лам маань уламжлалт мал аж ахуйг сэргээхэд маш том хувь нэмэр оруулсан. Магадгүй энэ чиглэлд Буриадын засгийн газрын хийснээс хамаагүй илүүг хийсэн нь Буриадын ХАА-ын яамны ямар ч оролцоогүйгээр бүдүүн, бүдүүвтэр ноост хонины тоо толгой жил ирэх бүр өсөж буйгаар харагдах байх.
Мөн Хамба ламын өөр нэг санаа тавьж байгаа зүйл нь үндэсний "бухэ барилдаан". Хэрэв энэ үндэснийхээ спортыг дахин сэргээх ажилд Дамба Аюшеев гуай гар бие оролцоогүй бол манай бөхчүүд одоо хүртэл чөлөөт бөхийн өмсгөлтэй л барилдаж байх байсан биз. Харин одоо үндэсний бөх маань өөрийн агуу өнгө төрхтэй, бас өөрийн гэсэн философитой болжээ.
Мөн Хамба лам буриад хэлийг сэргээхээр үнэн сэтгэлээсээ чармайж байна. Түүний хийсэн бүхэн бүтэж байдгийг бодолцож үзэх юм бол удахгүй буриадууд төрөлх хэлээрээ ярьж эхэлнэ гэдэгт итгэж байгаа шүү.
Харин энэ бүх чанарын өөрчлөлтүүд "дээрээс доошоо" бус, харин "доороос дээшээ" хийгдэж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
"Өөрөөр хэлвэл доодос хуучин шигээ амьдарч чадахаа больж, харин дээдэс хуучин маягаар удирдаж болохоо больсон сонгодог нөхцөл байдал бий болоод байна. Энэ нь Ленин багшийн онолоор хувьсгалын тохирооны шинж тэмдэг юм. Мэдээж бидэнд хувьсгал хийх хэрэг байхгүй ч буриад-монголчуудын хүрээнд элитүүдийн давхрагыг солих түүхэн цаг айсуй.
Харин эдүгээ одоо байж байгаа үндэсний элитүүд маань ард түмэн юу хүсээд байгааг мэдэхгүй байгаагийн дээр түүнийг нь ч хийж чадахаа больсон нь харагдаж байна.
Эхлэхийн тулд тулах цэг хэрэгтэй, эсвэл дарах товчлуур гэсэн ч болно. Энэ нь минийхээр манай "гурван үнэт эрдэнэ" гэж хэлж ч болох зүйл байгаа юм. Өөрөөр хэлбэл буриадууд дэлхийн давцанд үнэхээр юугаараа хүчирхэг, юу хийж чаддаг вэ, тухайлбал:
- Нэгт – Бурханы шашин. Хангалттай материаллаг дэмжлэгтэй бол буриадын "бурханы шашин" өөрөөсөө улстөр, эдийн засгийн "ноогдол ашиг" гаргаж байдаг дэлхийн хэмжээний буддизмын хэлбэр болж болох юм.
- Хоёрт – Сур харваа. Хачин санагдаж магадгүй ч Буриадын тамирчдын дэлхийн хэмжээнд өрсөлддөг олимпийн спортын төрөл бол сур харваа юм.
Оросын спортын сур харваачдаас зөвхөн ганцхан нь л Олимпийн медалийн тавцанд зогссон. Энэ бол — Баир Бадёнов. Бээжингийн 2008 оны Олимпоос хүрэл медаль хүртсэн билээ. Гэрэл зургийг visitchita.ru.
Харамсалтай нь эрх мэдэл, мөнгөтэй хүмүүс "буриад" спортын энэ төрлийг ердөө ч хайхардаггүй. Гэхдээ л ийм нөхцөлд хүртэл буриадын тамирчид Орос улсад хамгийн шилдэгт тооцогдсоор байгаа юм. Хэрэв зөвхөн энгийн хэмжээний хангамжтай бол буриадын харваач нар дэлхийн бүхий л тэмцээн уралдаанд хамгийн тэргүүнийх байх байлаа. Харин энэ чинь нөгөө "имиж" шүү дээ. Энэ чинь бүх юм биш ч маш их юмыг өгүүлдэг.
- Гуравт – мал махны аж ахуй. Энэ бол буриад-монгол хүн бүрийн цусанд байдаг зүйл. ХАА-ын энэ чиглэлд ард түмний гү ухаан, соёл шингэсэн байдаг.
Монгол Улсад малын тоо толгой 60 сая гаруй, харин хүн ам дөнгөж 3-хан сая билээ. Фото caak.mn
Халимагууд цөллөгийнхөө дараа хүртэл мал махны аж ахуйгаа сэргээж чадсан (тэдний махны чиглэлийн мал тоо толгойгоороо улсад тэргүүлж байна), тувачууд уламжлалт мал аж ахуйдаа үргэлж санаа тавьдаг. Харин Монгол Улс зөвлөлтийн үеийнхээс малаа төрөл бүр дээр 2-3 дахин өсгөж одоо 60 сая толгой малтай болоод байна. Харин Буриадад энэ асуудал ердөө ч шийдэгдэж чадахгүй байгаа юм.
Энэхүү дээр дурьдсан гурван зүйлийг үндэсний элитүүд улстөрийн хүсэл зоригтоо тусгах ахул буриад зон дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд орч энэ нь ард түмний үндэсний ухамсар сэргэхэд их түлхэц болохсон билээ.
Энэ загас усандаа, шувууд тэнгэртээ байдагтай адил хүн өөрийхөө чаддагийг хийгээд явбал энэ түүнийг амжилтад хүргэх болно.
Энэ нь буриад-монголчуудын жинхэнэ амжилт, ард түмний сэргэн мандалт болох билээ.
"Шалтгаан, үр дагаврын хуулиар бол өнөөгийн нэг их таатай бус буриадын нийгмийн байдал нь эдүгээ үйл үр гэмээр болчихоод байна. Харин шалтгаан нь үндэсний элитүүдийн оюун санааны дампуурал юм.
Бүс нутгийн удирдах албан тушаалд баруун зүгийн буриадууд сууж байна. Өөрөөр хэлбэл үндэсний баялагийн эх сурвалж, хүчин чадал буриадын энэ хэсгийнхэний гарт байгаа юм. Харамсалтай нь түүхэн нөхцөл байдлын улмаас баруун зүгийн буриадууд үндэсний уламжлалаасаа холдон тасарчээ. Өргөн утгаар авч үзвэл тэд буриад хүн байгалиасаа юу сайн хийж чаддаг байсан тэр бүхнээс салан оджээ.
Тиймээс тэдний дунд аль чиглэлд хөдлөх, юу хийхээ мэдэхгүй, ойлголт ч үгүй байдал ажиглагдаж байгаа юм.
"Үүнээс гарах цорын ганц зөв гарц бий. Баруун зүгийн буриадууд засаглалын хамгийн дээд суудлуудыг дорно зүгийн буриадуудад (хори-буриад, сэлэнгийн буриадууд гм.) "тавьж" өгөхийг зөвшөөрөх хэрэгтэй. Ийм маягаар эвслийн шинэ буриадын элит бүрдэх юм. Энэ гарц буриадын томоохон "бэрхшээл"-ийн нэг болох трайбализм буюу овог аймаг, нутаграх үзлийг давснаар засаглал дахь жалга довны үзэл буурах талтай.
Дорнод буриадын төлөөлөгч нар бол өөрсдийнхөө үндэсний ухамсарыг арай илүү нарийн мэдэрдэг бөгөөд дээр дурьдсан "гурван үнэт эрдэнэ" үндэсний хөгжилд хэрэгтэй зүйл гэдгийг илүү ойлгодог юм.
Улстөрийн түүхийн чиглэл яг энэ элитүүдийг солих тийшээ хандаж байгаа гэж бодож байна. Бас нэг чухал түлхэц нь Монгол Улс өндөр хөгжиж буй явдал. Адилхан сэтгэлгээтэй төдийгүй, ямар ч хэлний бэрхшээлгүйгээр дорно зүгийн буриадууд монголчуудтай ойлголцож чаддаг билээ.
Өнөөдөр Буриадын БНУ-д буриадууд юу ч шийдэж чадахгүйгээр барахгүй улстөрийн тавцанд хожигдсоор л байна. Энэ нь Наговицын, Голков хоёр муу хүмүүстээ биш, харин манай удирдагчид тамирдаж, аргаа баржээ. Тэдэнд үндэс угсаа, уламжлалаа мартсанаасаа болоод ард түмэнтэйгээ холбогдох юм юу ч үлдсэнгүй.
Бид маш сонирхолтой эрин үед амьдарч байна. Этигэл Хаба лам бидэн дээр эргэн заларч, үүнтэй холбоотойгоор бурханы шашин сэргэн мандаж буйг харж байна. Мөн энэ цаг үед нар түмэн өөрийнхөөрөө байж, уламжлалаа мэдвэл хүчтэй болох юм гэдгийг ухамсарлаж байна. Мөн энэ цаг үед хэвэнд цутгасан хуучин байдал шинээр солигдож эхэлж байна. Гэхдээ цоо өөр шинэ зүйлээр...
Фото: rumap.net
В сюжете: монгольский языкэлитабурят-монголывластьБурятиянационализмтрайбализмплемя