«Россия» үзэсгэлэнд "Итгэлт Хамбын үзэгдэл. Буриад ламын оньсого мэт түүх" нэртэй баримтат киног үзүүлжээ
ВДНХ дахь киноны Музейд хамгийн алдартай Бандида Хамба лас - Итгэлийн Дашдорж ламын тухай найруулагч Елена Демидовагийн баримтат киног үзүүлжээ.
– Энэ кино өнөөдөр ч гэсэн Итгэлт Хамба Дашдоржийн амьдрал, шашин номын замналыг бүрэн дүүрэн харуулснаараа онцлогтой. Харамсалтай нь, киноны найруулагч хэдхэн сарын өмнө, 2024 оны 1 дүгээр сард хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Киног үзсэн үзэгчид бүтээлийн гүн утга агуулга, мэргэжлийн ур хийцтэйг нь тэмдэглэн хэлж байлаа, - гэж Иволгын дацангийн мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Алла Намсараева ярьж байна. Кино зургийн багийнхны энэ бүтээл ердийн баримтат кино бус, харин өгөгдсөн сэдвийн дагуух судалгаа шинжилгээний бүтээл байв. Баримтат киноны найруулагч, кино зохиолч Елена Демидова 1964 онд Оренбургт төржээ. Тэрээр Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн Улсын их сургуулийг (МВТУ)-ийг инженер мэргэжлээр дүүргэж, 1997 онд Воронежийн Улсын их сургуульд түүхчээр суралцсан бол, 2006 онд киноны сургуулийг найруулагч мэргэжлээр сурч төгсжээ. ОХУ-ын кино уран бүтээлчдийн Холбоо, Кино найруулагчдын Холбоо болон жүжиглэлт бус киноны Холбооны гишүүн байв.
Шашны зан үйл зэрэг маш нарийн ухагдахуунтай ажилласнаар бид буриад анх нөхдөөсөө, мэргэжил нэгтнүүд болон бурхны шашны лам нараас маш ихийг сурч мэдсэн юм. Тиймээс энэ кинон дээр ажиллах нь бидний хувьд оюун санааны өсөлт, нэг маягийн ухаан нэмсэн үйл явц байсан юм. Энэ ажлыг анх барьж авахдаа бид бурхны шашны талаар ганц нэг өнгөц баримт мэдээ сэлтээс өөр огтын мэдлэггүй хүмүүс байлаа. Явцын дунд улам бүр их мэдээлэлтэй болж энэхүү зан үйлийн элдэв нарийн зааг хязгаарууд нь ил болсоор байсан юм. Тиймээс ч энэ нь бидэнд оюун санааны туршлага болж байлаа, - гэж Нина Кочеляева ярив.
“Итгэлт Хамбын үзэгдэл. Буриад ламын оньсого мэт түүх” хэмээх баримтат киног 2018 онд Ерөнхийлөгчийн тэтгэлгээр бүтээсэн бөгөөд хэд хэдэн кино наадмаас шагнал хүртсэн байдаг. Энд сануулахад, эдүгээгээс 260 жилийн тэртээ 1764 онд Хатан Хаан 2 дугаар Екатерина зөвшөөрснөөр Буриадын бурхны шашинтнуудын тэргүүн -Бандид Хамба ламыг тодруулж эхэлсэн түүхтэй байна. Итгэлт Хамба бол Орос дахь бурхны шашинтнуудын 12 дахь тэргүүн нь байв. Өдгөө түүний нас сүүдэр 172 жил болж байгаа бөгөөд 2002 онд Иволгын дацанд заларсаар 22 жил болж байна. Өнгөрсөн онд “Уламжлалт бурхны шашин ба орчин цагийн сорилтууд” нэртэй бурхны шашны анхдугаар форумын үеэр дэлхийн 14 улсын төлөөлөгчид Итгэлт Хамба ламйн орд өргөөнд саатаж, ховор чухал форум эхлэхийн өмнөх хурал номд даган баясаж байв. 2024 оны 8 дугаар сард Буриадад Бурхны шашны Хоёр дахь удаагийн форум болох бөгөөд энэ хүрээнд “Итгэлт хамба лам Дашдоржийн үзэгдэл” бага хурал, бусад хэлэлцүүлэг болох юм.
Фото: egov-buryatia.ru
Источник: egov-buryatia.ru