Олон улсын буддын шашны чуулга уулзалтыг Буриад, Халимаг, Тува ээлжлэн зохион байгуулна
Соёлын хөтөлбөрт нь дорнын тулааны наадам, буриад дуу бүжгийн урлагийн мастеруудын концерт, Эрмитажийн сан хөмрөг дэх буриадын соёлын бүтээлүүдийн үзэсгэлэн багтах юм.
2023 оны 8 дугаар сард анх удаа Улаан-Үд хотод зохион байгуулагдсан Буддын шашны Олон улсын форумыг Буриад, Халимаг, Тувад ээлж дараагаар зохион байгуулна. Тийнхүү шилжин явах байдлаар злхион байгуулагддаг болно гэж Буддистуудын шашны удирдах төвийн дарга Сергей Киришов (Гэвш Йонтен) сэтгүүлчдэд мэдээлэв.
"Энэ жил Буриад улс хоёрдахь удаагийн форумыг зохион байгуулах ажлыг хариуцаж байна. Гурав дахь удаагийн форумыг бид оросын буддын шашны бас нэг төв Халимагт хийхээр төлөвлөж байна. Миний мэдэж байгаачлан, дөрөв дэх удаагийнх нь Бүгд найрамдах Тува улсын Кызыл хотод болно. Ийм маягаар тус форум шилжин зохион байгуулагдах болж, улмаар манай гадаад анд нөхдөд ч илүү сонирхолтой болж, басхүү оросын буддизм илүү олон талтай гэдгийг харах боломж бүрдэнэ гэж би бодож байна”, -гэж Киришов ярилаа.
Буддын шашны олон улсын хоёрдугаар форум энэ оны 8 дугаар сарын 12-14-нд Улаан-Үд хотод болно. Буриадын засгийн газар болон Засгийн газрын тэргүүний хэрэг эрхлэх газрын мэдээллийн бодлого, олон нийттэй харилцах, нийгмийн төслүүд эрхэлсэн дэд дарга Ирина Доржиева энэ форумын үеэр байгаль экологи, анагаах ухаан, боловсрол, уламжлалт үнэт зүйлс тэдгээрийн орчин үеийн нйигэм дэх үүрэгт хандах буддын үзэл хандлагын талаар хэлэлцэх болно гэдгийг тэмдэглэлээ.
Өөр нэг сэдэв нь олон улсын даяанчлал болон аялал жуулчлалын хөгжлийн тухай байх юм. “Буддын ухамсрын үзэл баримтлал, түүний орчин цагийн практик дахь үүрэг ач холбогдлын талаар талбар бий болгохыг бид зорьж байна. Буддизм дэлхий даяар сонирхол татдаг гэдгийг бид ойлгож байгаа бөгөөд хаашаа явж байгаагаа мөн хэлэлцэх хүсэлтэй байгаа юм” гэж тэр цохон хэлэв.
Соёлын хөтөлбөрт нь дорнын тулааны урлагийн наадам, буриад ардын дуу бүжгийн урлагийн мастеруудын тоглолт, мөн Эрмитажийн сан хөмрөгөөс буриадын буддын шашны соёлыг харуулсан бүтээлүүдийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. “1891 онд хаанхүү Николай (ирээдүйн Хоёрдугаар Николай эзэн хаан)-г Буриад, Өвөр Байгальд зочлох үеэр нь түүнд буриадын урчуудын олон бүтээлээс бэлэглэсэн байдаг”, -хэмээн Доржиева тодотгов. Түүний хэлснээр, бурхны баримал, хөрөг зураг зэрэг урлагийн бүтээлүүдийг энэ форумын үеэр Буриадад анх удаа дэлгэн үзүүлэх юм байна.
Анхдугаар форумыг зохион байгуулах үеийн шахуу хөтөлбөр, олж авсан туршлага форумын хамрах хүрээг газар зүйн хувьд тэлж, буддын шашинт бусад улсын төлөөлөгчдийг татах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаагаа Доржиева энэ үеэр ярьсан юм.
Форумын сэдэв
Тус форумыг Орост буддын шашны тэргүүн Пандидо Хамба ламыг залсны 260 жилийн ойд зориулна гэдгийг Доржиева мөн тэмдэглэв. «Өнгөрсөн жилийн форум Бүгд найрамдах Буриад улс байгуулагдсны 100 жилийн ойд зориулагдсан бол, энэ жил бид Хоёрдугаар Екатерина хатан хаан Пандидо Хамба ламыг тодруулахыг зөвшөөрсний ойд зориулж байна. Энэ ойд зориулсан арга хэмжээ энэ оны 9 дүгээр сард болно. Гэвч манай форумын үеэр буддын шашны агуу зүтгэлтнүүд болох Пандидо Хамба ламын гэгээн дүрүүдэд зориулсан ихэнх хэлэлцүүлэг явагдах юм,- гэж Буриадын төлөөлөгч хэллээ.
Тэрээр мөн Орост буддын шашны тэргүүн заларснаар улсын дорнод бүсэд казакийн дөрвөн хороо байгуулагдах үндэс болсон гэдгийг сануулав. “Энэ, мэдээж хэрэг, бэлгэдлийн шинжтэй бөгөөд бид “Шашнаа ч хадгал -Оросын хил хязгаарыг ч хамгаал” гэж бид хэлдэг. Үүнийг бид өнөөдөр ч цэргийн тусгай ажиллагаагаар харж байна” гэж тэр цохон хэллээ.
Хоёрдугаар Екатерина 1764 онд Орост буддын шашны өөрийн гэсэн удирдагч Пандид Хамба ламын институтыг бий болгож, улмаар буддизмыг Хаант улсад зөвшөөрөгдсөн шашин болгосон юм. Үүнийх нь төлөө сүсэгтнүүд Хатан хааныг найман ариун бодьсатвагийн нэг Цагаан дарь эхийн гэгээн дүр хэмээн тунхагласан юм. Одоогийн байдлаар Орос дахь уламжлалт буддын шашны нийгэмлэгийг 24 дүгээр Пандид Хамба лам Дамба Аюшеев тэргүүлж байгаа юм.
Фото: buddha-forum.ru
В сюжете: Бурятиябуддийский форум