Москвад Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан авто аялал эхлэв
Авто уралдааны хүрээнд оролцогчид болон Буриадын тэргүүн оролцсон Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болов.
Москва хотноо наймдугаар сарын 7-ны өдөр Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан авто уралдаан замдаа гарав. 1939 онд зөвлөлт-монголын цэргүүд японы булаан эзлэгчдийг ялсанаар Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд жинтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Энэхүү тэмдэглэлт ой Орос, Монгол улсуудад томоохон ач холбогдолтой. Тухайлбал, есдүгээр сард Монгол улсад өргөн цар хүрээтэй баярын арга хэмжээ олноор болох бөгөөд 2019 онд тохиосон 80 жилийн ойд оролцсоны адилаар Оросын ерөнхийлөгч Владимир Путин оролцохоор амалсан юм. Мөн энэхүү ялалт байгуулсан цэрэг дайчдын дурсгалыг хүндэтгэн Монголын сэтгүүлчид Москва-Сүмбэр (Монгол) чиглэлд олон улсын авто аялал хийхээр шийджээ.
Авто аялал Георгий Жуковын хөшөөний дэргэдээс гараандаа гарсан байна. Хожмын маршал Георгий Константиновичийн командын байр байрлаж байсан Монгол улсын Сүмбэр суманд барианд орно. Г.К.Жуков чухамхүү Халх голд ялалт байгуулсны учир ЗХУ-ын баатрын алтан таван хошууг хүртсэн юм.
Мөн энэхүү авто аяллын хүрээнд Буриад улсын тэргүүн Алексей Цыденов аялалд оролцогчдын хамт Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөжээ.
- Халх Голын ялалт бол хоёр ард түмэн дайснаа- японы милитаристуудыг нэгдэн ялсан хамтын ялалт юм. Кремлийн хананы дэргэдэх Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалд зориулсан мөнхийн галын дэргэд бид манай улсын болон Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалж, эдүгээ хүчирхэг, туурга тусгаар, бие даасан улсууд байлгахын төлөө алтан амиа өргөсөн өвөг дээдэстээ зохих ёсоор хүндэтгэл үзүүлж байна. Тэдгээр үйл явдал, манай ард түмнүүдийн баатарлаг гавьяаны дурсгалыг хүндэтгэж өнөөдөр ийнхүү цэцэг өргөх ёслол болж байна. Мөн Япон улс Монголд халдан довтлоход ЗХУ эхэлж зэрэглэн босож, хамтдаа дайсныг ялж чадсан гэдгийг энд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Фашист Герман ЗХУ-д халдан довтлох үед Монгол улс мөн, Зөвлөлт Холбоот Улсад тусламжийн гараа сунгаж, мөн Германд дайн зарласан юм. Аугаа их эх орны дайны туршид ч мах, унаа морьд, нэхий дээл, мөнгө төгрөг гээд буй бүхнээрээ тусалж байлаа. Манай ард түмнүүдийн ийм найрамдал, харилцан тусламж он жилүүдийн түүхтэй. Үүнийг бид, бидний үр хүүхэд дурсан санаж байх нь маш чухал. Энэ дурсамжийг сэтгэлдээ үүрд тээж, манай ард түмнүүдийн найрамдал зуун зуунд бат бөх хэвээр байг, - гэж Буриадын тэргүүн хэлэв.
Авто аялалд оролцож байгаа Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сурвалжлагч нарын дунд, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, нийслэлийн UBS телевиз болон мэдээ мэдээллийн “Зиндаа.мн” сайтыг багтаасан арилжааны томоохон медиа холдинг “Эрхэт Монгол групп”, TV 8 телевиз, орос-монголын цорын ганц телевизийн суваг «Aist Global»ын сурвалжлагч нар багтжээ. Буриадын бүгд найрамдах улсаас энэ аялалд буриадын анхны телевиз “Буряад ТВ” төлөөлөл оролцож байна.
⁃ Монгол, зөвлөлтийн дайчдын Халх Голд байгуулсан ялалт асар ач холбогдолтой. Энэ үйл явдалд зориулсан авто аялалд оролцож байгаадаа би маш их баяртай байна, - гэж тус авто уралдааны оролцогч, МҮОНРТ-ийн редактор Д.Нарантуяа ярив.
- Өвөг дээдсийн зам эндээс эхлэлтэй учир авто аялал ч бас энэ чухал газраас гараанд гарч байна. Бид маш их талархаж байна. Өвөг дээдсийнхээ алдар гавьяаг бид мартах учиргүй. Тиймээс өнөөдөр Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалд цэцэг өргөлөө. Энэ хүнлэг бөгөөд догдлом байлаа, - гэж Монголын ШУА-ийн түүхийн ухааны доктор, профессор Цэрэнбалтав Минжин өгүүллээ.
Авто аялал бүхэлдээ орчин цагийн орос-монголын харилцааны хөгжилд, тэр дундаа аялал жуулчлалын салбарт өндөр ач холбогдолтой. Москвагийн дараа авто аяллынхан Доод Новгород, Казань, Екатеринбург, Новосибирск, Красноярск, Иркутск, Улан-Удэ гэсэн Оросын хотуудад дайрч өнгөрнө. Сүхбаатар хот, Улаанбаатар, Чойбалсан гэх монголын хотуудаар дайрч явсаар Сүмбэр суманд өндөрлөнө. Оросын хотуудад Монголын сэтгүүлчид дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөдөд цэцэг өргөж, гол түүх дурсгалын газрууд, эдийн засгийн тэргүүлэх үйлдвэр аж ахуйн газруудаар зочилно.
Лавлагаа:
Халхын голын байлдаан нь Японд эзлэгдсэн хятадын Манжуур, БНМАУ-ын хил дээр 1939 оны хавраас намар хүртэл үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн юм.
Чухамдаа Халхын голын тулалдаан нь газар нутаг, нөлөөллийн хүрээ, ашиг сонирхлын төлөөх тэмцэл төдийгүй дэлхийн хоёрдугаар дайны оршил болсон юм. Энд ЗХУ-ын ирээдүйн маршал Георгий Жуков командлагчийн авьяас чадвараа анх харуулж, газар болон агаарт тактик, стратеги, техникийн маневр арга хэмжээ авч байжээ.
Түүхчдийн үзэж байгаагаар, япончууд Халхын голд ялагдал хүлээсэн нь дэлхийн 2-р дайны үед Япон улс ЗХУ-д довтлохоос татгалзах нэг шалтгаан болсон бөгөөд ирээдүйн Ялалтад асар их хувь нэмэр оруулсан юм. Халх голын дэргэд ялагдал хүлээсний дараа Японы эзэн хаан ЗХУ-ын зүгт цэрэг давшиж, эцэст нь Сувдан Харборт цохилт өгөхГитлертэй хийсэн анхны тохиролцооноосоо буцжээ.
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар, Халхын голын байлдаанд Японы зэвсэгт хүчнээс 8 707 хүн амь үрэгдэж, 1 021 хүн сураггүй алга болсон бол, Зөвлөлтийн армиас 9703 хүн амь үрэгдэж, сураггүй алга болж, шархаа даалгүй нас барсаны 389 нь Буриадаас очсон цэрэг дайчид байжээ.
Халх Голын байлдаанд эрэлхэг гавьяа байгуулсаны төлөө Улаан армийн 73 байлдагч, дарга нар ЗХУ-ын баатар цолоор шагнуулсан бөгөөд тэдний 21-ийг нэхэн шагнасан байдаг.
В сюжете: РоссияМоскваМонголияХалхин-Голавтопробег