Дорнод Сибирийн хамгийн өндөр цэгт Тувагийн бүх хошууны тугийг мандуулав
Оросын газар зүйн нийгэмлэгийн тувагийн салбарын экспедиц нь Бүгд найрамдах Тува улс ОХУ-ын бүрэлдэхүүнд сайн дураар орсоны 80 жилийн ойд зориулагджээ.
Багийн гишүүд Дорнод Сибирь болон Тувагийн хамгийн өндөр цэг болох далайн түвшнээс дээш 3976 метр дэх Мөнгөнтайга уулын оргилд гарчээ.
Бүсийн салбарын нарийн бичгийн дарга, тус бүгд найрамдах улсын “Цасны ирвэс” Мариана Кыргысээр ахлуулсан багийнхан тэмдэглэлт ойн тэмдэг болгож Мөнгөнтайга уулын оргилд ОХУ болон Тува улсын төрийн далбаа, Оросын газар зүйн нийгэмлэгийн тугийг мандуулжээ. Түүнээс гадна тус ууланд авиралтын түүхэнд анх удаа Тувагийн 19 хошууны тугийг хийсгэв.
«Энэ арга хэмжээ бол бидний төрөлх улс, олон үндэстэн ард түмний эв нэгдэл, хүч чадлыг бэлгэдэл юм», — гэж Мариана Кыргыс тайлбарлав.
Багийн ахлагчийн ярьснаар, Мөнгөнтайга ууланд цаг агаар хүндхэн байсан боловч уулчид тэсвэр хатуужлын жинхэнэ шалгуурыг давжээ: тэднийг авирах явцад оргилын өмнөд нурууны дээгүүр үүл хуралдаж, хүчтэй салхи гарч, мөндөр оржээ. Зуны хэт халууны улмаас хүмүүсийн өгсдөг мөсөн голд өөрчлөлт орж, ан цав нь тэлж, гүнзгийрсэн тул алхам тутамдаа онцгой анхааралтай гишгэх шаардлага тулгарч байв.
«Энэ бүх саад бэрхшээлийг үл хайхран авиралт амжилттай, басхүү үр дүнтэй өндөрлөж, энэхүү эх оронч төслийн зорилт хангагдлаа. Уулаас буух үед солонго бүх өнгөөр дэлгэрсэн байсан. Бидний сэтгэл ч бахархал дүүрэн байлаа. Эх орон минь үнэхээр хамгаас үзэсгэлэнтэй!» — хэмээн Мариана Кыргыс сэтгэгдлээ өгүүлсэн юм.