Шинжээч: "Сибирийн хүч-2" хийн хоолойг Монголын нутгаас гадуур тавьж болзошгүй
Хийн хоолойн ирээдүйн тухай хэлэлцээ амаргүй явагдаж байгаа, гуравдагч орнууд Улаанбаатарт ихээхэн шахалт үзүүлж байгаа гэж Москвагийн улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор Алексей Маслов ярив.
“Сибирийн хоолой-2” хийн хоолойн ирээдүйн талаар Улаанбаатартай хэлэлцээ амаргүй байгаа, шаардлагатай нөхцөлд ОХУ төслийг Монголоос тойруулан өөрийн нутгаар тавих боломжтой. М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази болон Африкийн орнуудын Хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор Алексей Маслов Дорнын эдийн засгийн форумын талбарт ТАСС-д ярилцлага өгөхдөө ийм байр суурийг илэрхийлэв.
"Сибирийн хүч - 2" нь Баруун Сибирийн нутгаар дамжин Хятад руу гарах хийн хоолойн төсөл юм. Өнгөрөгч наймдугаар сард зарим хэвлэлд Монгол улс уг төслийг 2028 он хүртэлх үндэсний хөгжлийн төлөвлөгөөндөө оруулаагүй талаар мэдээлсэн юм.
"Өнөөдөр Монгол улсад гуравдагч орнуудаас маш их шахалт үзүүлж байна. АНУ-ын нөлөөллийг бид харж байна. Тэрчлэн Монгол улс дамжин өнгөрөх нутаг дэвсгэрийн хувиар үнэ өртгөө өсгөж, наймаалцахыг оролдож байгаа нь хэлэлцээний үйл явцын үүднээс байж болох үйл явц юм. Гэхдээ энэ нь амаргүй шийдвэр байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй”, - гэж дээрх шинжээч ярив.
Энэ үүднээс Монгол улс “шийдвэр гаргаж чадахгүй бол тус улсаас тойруулах маршрутыг сонгож таарах байх” гэдэгт итгэлтэй байгаагаа тэр илэрхийлжээ. “Оросоор дайруулсан зам ч тавих ч боломжтой байна. Өдгөө “Сибирийн хүч-3” гэгдэж байгаа онолын төсөл ч бас боломжтой гэж Москвагийн Улсын их сургуулийн Ази болон Африкийн орнуудын Хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор Алексей Маслов ярьжээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн Улаанбаатарт хийж байгаа айлчлалын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд энэ асуудлыг хэлэлцэх ажил чухал байр суурь эзэлнэ гэж Маслов үзэж байна. “Маш олон асуудлыг урьдаас шийддэг учраас тэр санаандгүй очоогүй. Тэрчлэн дан ганц “Сибирийн хүч-2”-той холбоотой төдийгүй хилийн боомтууд зэрэг өөр тулгамдсан асуудлууд ч бий. Ачаа тээврийн нэг хэсэг нь Хятадаас Монголоор дамжиж Орос руу гардаг. Одоогийн дэд бүтэц их хэмжээний ачаа тээвэрлэлтэд зориулагдаагүй. Үүнээс гадна Ази дахь аюулгүй байдлын сэдэв мөн бий”, - гэж шинжээч ярилаа.