Бато Очиров: «Буриадыг Бямбасүрэн шиг хүмүүс л аварч чадна»
Саяхандаа нийгмийн зүтгэлтэн Булат Шагжин Буриад орны хувьд "эмзэг" асуудал болох ВАРК (Всебурятская ассоциация развития культуры) буюу Бүх Буриадын соёлын хөгжлийн нийгэмлэгийн (ББСХН) тухай асуудлыг хөндөж тавьсан юм. Бүх Буриадын соёлын хөгжлийн нийгэмлэг чухам ямар байх тухай АРД сайтын нийтлэлч Бато Очиров бичиж байна.
Ямар ч хүний амьдрал яг л өдөр, шөнө эсвэл гал, ус мэт эсрэг тэсрэг хоёр туйлаас бүрдэж байдаг... Бүгдэд л адилхан оюун санааны болон биет хэрэгцээ гэж бий. ББСХН (Бүх Буриадын соёлын хөгжлийн нийгэмлэг) бол буриадуудын биет бус соёлын бүхий л баялаг, оюун санааны хэрэгцээг хөгжүүлэн сэргээж, ард зоны түүхийн хөгжлийн гэрэлтүүлэгч нь болж байх учиртай байгууллага.
Гэвч харамсалтай нь ББСХН өнөөдөр тэтгэвэртээ гарсан "хүндэт" хүмүүсийн зүгээр л "орогнох" газар нь болон хувирчээ. Буриадын соёлыг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх учиртай нийгэмлэг маань хуучин түшмэдүүдийн насныхаа эцсийг өнгөрүүлэх "угаадасны сав" болсон байна. Энэ үнэхээр эмгэнэлтэй хэрэг шүү. Удирдлагын аппарат дахь ажил (би үүнд улстөрийг хэлээгүй юм шүү) хувь хүнд гүнзгий ул мөрөө үлдээдэг. Улсын ажил нэртэй ажлын шахуургад байсан хүн системийн зүгээр л нэг эрэг шураг болон хувирдаг юм. Мөн дээр нь тэнд ажиллаж байсан хүн бүтээлч хүсэл тэмүүллээ алддаг, амьдралд ч мөн ялгаагүй. Яг л ийм байдлаас болоод ББСХН өөрийн нүүр төрхгүй, удирдлагын учир утгагүй багаж хэрэгсэл болон хувирчээ. Үүнээс өөр юу ч биш...
Гэхдээ шударгаар хэлэхэд Бүх Буриадын соёлын хөгжлийн нийгэмлэг бол ард түмний байгууллага болохоос бус засаглалын нэг бүтэц бүрэлдэхүүн биш юм шүү гэдгийг онцлоод хэлчихье. Бүс нутгийн үндэстэн ястаны хуваагдмал байдал, өөрийнхөө үүрэг зорилгыг ухамсарлаагүй ББСХН-ийн удирдлагуудаас болоод байгууллагад ёс бус өөрчлөлт орсноор өөрийн нэр хүнд, бусдын талархалыг алдсан байна.
ББСХН-ийг Буриадын ард түмний бага хурал (Конгресс бурятского народа) лугаа адил дахин сэргээхэд хүндрэлтэй, эцсийн эцэст эдгээр байгууллага цаашид оршин тогтнохоо болино. Харин эдүгээ үед түүх буриадуудын шал өөр хөгжлийн хэлбэрийг урагшлуулж байна. Энэ удаа буриад-монгол ард түмний хэв шинжээр шүү. Энэ нөхцөлд улам илүү жинтэй хэтийн төлөв, боломж харагдаж байна. Ард түмний соёл хил хязгаарыг үл тоон хөгжих бөгөөд эдийн засагт ийм загварыг бий болгох юм.
Буриад-монголчуудын хөгжлийн тохирох хэв загварын үндсэн "найрал хөгжмийг" Монголын ерөнхий сайд асан буриад гаралтай Дашийн Бямбасүрэн мэтийн "аваргуудаар" удирдуулж болох юм.
Тун удахгүй, ердөө ойрын хугацаанд Б-МАРК (Бурят-монгольская ассоциация развития культуры) буюу Буриад-Монголын соёлын хөгжлийн нийгэмлэг (Б-МСХН) хэмээх нэртэй байгууллага байгуулагдахыг бид харж болох бөгөөд цаашдаа манай ард зоны илүү сонирхолтой хөгжлийн хувьсал болох буй заа...
Нэгэн цагт агуу цэцэн ухаантан Лао-Зы "Ертөнц дээр бүх зүйлс ургаж, цэцэглээд эргээд үндсэндээ шингэдэг. Өөрийнхөө үндсэнд буцан очино гэдэг нь тайтгарал юм даа. Байгальтайгаа эвлэлдэн нэгдэх нь мөнхрөл, учир иймээс бие цогцос задарлаа ч энэ нь ямар аюул дагуулахгүй ээ" гэсэн байдаг.
Фото: Зоригт Доржиевийн зураг