Хараал
АРД предлагает монгольским читателям перевод рассказа писателя из Бурятии, Виктора Балдоржиева, "Проклятье". Леденящая кровь история, или всё же аллегория того, отчего часть бурят когда-то ушла в земли Шэнэхэна?
Оригинал на АРД, монгол хэлнээ хөрвүүлсэн С.Майдар.
Нутгийнхан Жамбал Базарыг бүгд л өрөвдөцгөөж байсан боловч энэхүү сайхан сэтгэлтэй, тэнхээтэй эрийг хөгшин эмгэнийг алчих юм гэж хэн ч санасангүй. Ямар юм нь түүнийг хатгасныг бидний хэн маань ч хэзээ ч олж мэдэхгүй бизээ.
Зуны нэгэн шөнө ой ч хүрээгүй байсан ганц хүү нь өнгөрлөө. Магадгүй тэр үед л тэрээр шулам эмгэнийг хороохоор шийдсэн байж ч болох юм. Жамбал Базарын нүдний гал цог буурч ногоорох мөс адил хүйтэн болж, зузаан уруулыг нь тойрсон шарх мэт гүн үрчлээс царцаж хөрөөд чулуужсан мэт болжээ. Тэрийг нь хутгаар чичсэн ч тэр мэдрэхгүй байхсан биз.
Шулам гээд байгаа хүн нь хар царайтай, өндөр шөрмөслөг, монхордуу хамартай нэвт шувт харсан жижигхэн хар нүдтэй эмгэн байлаа. Тэрээр ядрахыг мэдэхгүй хэл ам нь хэзээ ч амардаггүй юмуу гэмээр хараал ширээл хөврүүлсэн нэгэн.
Зүүдэнд үү эсвэл үнэхээр бодит зүйл үү гэмээр. Жамбал Базарыг хаана ч явсан манан дундаас хөвөн гарч ирээд, ногоон тал дээр шатаж түлэгдсэн модны дэргэд зогсоод, намхан хөвөх үүл рүү навтас цуулан шидэлж, цусан хөөс цахруулсан амаараа түүн рүү хараал зүхэл цувруулж гарна. Түүнээс зугтах, нуугдах газар гэж хаана ч үгүй. Ямар ч хурдан хүлэг түүнийг тэрхүү хараалаас зугтаалгаж үл чадах амой. Эмгэн түүнийг яадаг ч байсан олоод очно...
Жамбал Базар дахиад ч өнчирч хоцорлоо. Тэрээр дацан орж, морио хуучин тэрэгнээс уяв. Жижигхэн авсыг гар дээрээ өргөөд эсвэл хавчуулаад, үгүй бол мөрөн дээрээ тавиад явж болохоор байлаа. Жамбал Базарт энэ газар дэлхийд хэн ч байсангүй. Нэг үгээр бол тэр хар багаасаа бүгдийг өөрөө хийж сурсан хийгээд хэзээ ч, хэнээс ч юм гуйж явсангүй. Найдаж, эсвэл ичдэг ч байсан байж болох... Тэрээр хүүгээ нарны туяан дор зөөлөн мяралзах Онон голын хажуухан намхан толгодын энгэрт хөдөөлүүллээ.
Өвөг дээдснийхээ заншлаар арц уугиулан, маань уншаад хүүгээ хойд насандаа сайн төрлийг олох болтугай хэмээн залбирав. Хүүд нь хийсэн гэм нүгэлгүй байх ч ёсгүй балчир амьтан байлаа шүү дээ. Гэвч хойд төрөлдөө энэ хоёр хэзээ ч уулзахгүй бизээ.
Хүү нь энэ амьдралд л түүнд хэрэгтэй байсан юмсан.
Ингээд тэрхэн толгодын энгэрт гурван булш бий боллоо. Тэдгээрийн толгой дээрх хоёр бүдэг, нэг тод улаан зураастай шонд маанийн үсэг бичсэн дарцаг салхинд дэрвэнэ. Жамбал Базар тэднийг онцгойлж нэг их харсангүй. Цуголийн дацангийн лам нар түүнд шившлэгтэй дарцаг өгсөн агаад тэрээр энэ жил энд гурав дахь удаагаа ирээд байгаа нь тэр. Эхлээд Жамбал Базарыг өсгөсөн намхан, бөгтөгөр нуруутай Дариймаа эмээ нь яваад өгөв. Дараа нь түүний дуу шуу муутай эхнэр нь болох Бямбаа өвчин тусаж өнгөрлөө. Харин хүү нь эхийгээ байхгүй болсноос хойш хоёр сар л амьдарсан аж. Жамбал Базар тэднийгээ буриадуудыг хөдөөлүүлдэг нийтийн оршуулгын газар аваачсангүй тэгээд ч хол байлаа. Тэр амьдралынхаа турш өөрийнхөөрөө л явж ирсэн болохоор энэ тухай мэддэг ч үгүй мэдэхийг ч хүсдэггүй байсан биз. Тэгээд ч өөрийн бодолтой хүн бусдын зүгээс гадуурхагдаж байдаг хойно. Жамбал Базар өөрийн бодолтой бие даасан хүн байлаа. Тэр хүүгээ ганцаараа өсгөөд сайн хүн болгож чадах байсан юм.
Үдээс хойш тэрээр өөрийнхөө өндөр, цэргийн үүлдрийн хилэн хар зүсмийн мориороо тоост Оловянныд хүрч очлоо. Морио саяхнаас өөрөө адуучинаар нь ажиллах болсон тойргийн цагдан сэргийлэхийн морины уяан дээр орхив. Улаан шаргал үстэй, улаан царайтай, үнгэгдсэн фуражктай, суран бүсээ жавхайтал бүсэлсэн жижүүр өргөн мөртэй адуучнаа өрөвдөж эхлээд байлаа. Гэвч өөрийнхөө шинэ эздийг нэг их хүндэлдэггүй Жамбал Базар түүний үгийг таслан:
Би Кункур руу гурван өдөр яваад ирье. Надад хэрэг байна. Ойлгоно биз дээ. Адуу сайн харж байгаарай. Битгий хөөж үргээгээрэй гэж муухан орос хэлээр дүнсгэрдүүхэн хэлж орхиод хариу хүлээлгүй гарч одов. Тэгээд өөрийг нь улиасны хажууд уяатай хүлээж буй, казак эмээл тохсон үнэнч хилэн харынхаа зүг очлоо. Сахал үсэндээ баригдсан орос залуус амаа ангайн Жамбал Базарыг харна.
Жижүүрийн цагдаа харамсал илэрхийлснээ бувтнаад довжоон дээр гарч ирэв. Харин Жамбал Базар хагас нүцгэн жаалуудыг тоосоороо булсаар мяралзан гялалзах голын зүг гудамжаар давхиж явлаа. Адгуус хүн хоёр нэгэн цул мэт болж, ямар нэг адил бодлоор дотор нь дүүрсэн мэт байлаа. Түүний гэр бүлийг хар шулам хөнөөж орхив. Тэгэхээр тэр шулмыг алах хэрэгтэй! Бид хүний хийсэн хэргийн учир начрыг мэдэх аргагүй ч Жамбал Базар тэгэж л шийдсэн байх.
Жилийн өмнө Онон гол баруун хойд зүгийг чиглэн эргэдэг тохойд, тойргийн цагдан сэргийлэхэд адуучнаар ажилд орохдоо гэрээ шийрлэсэн юм. Тэгэхэд шулмыг шууд алчихдаг байж! Гэрт зууханд аргалын гал асаж, тогоон дотор цай буцалж байлаа. Газарт унасан, сураар боосон хагархай модон хүүхдийн баримт (өлгий) руу харж чадсангүй. Тэрээр өөрийнхөө энгэрийг нь хоргойгоор эмжсэн хөх тэрлэгээ нөмөрч, гутлаа углаад хэт хутгаа авч, гэрийнхээ хаалгыг сайн гэгч түгжив. Тэрээр үдэшээр адуугаа авч хашиж орхиод, өөрийнхөө хилэн харын чөдрийг авч идэшлүүлэхээр сул тавьсан билээ.
Үүлсийн цаанаас түгшүүрт саран хөвөн гарч ирээд цонхигор улаан бөмбөлөг аятай Ононгийн мөлхөө долгион дээр ганхах шиг, түүний мөнгөн туяа голын хар усан дээр зам татуулан түгшүүртэй дайвалзах ажгуу. Хөнгөхөн салхи үлээнэ. Харин мөнгөн чимэгтэй хуйтай хутга үе үе гялалзана. Жамбал Базар чулуун дээр суугаад тэртэй тэргүй хурц иртэй хутгаа билүүдэн, гол руу харж, цаадах толгодын хаялбарыг бодлогоширон ширтэж байлаа. Шөнө хааяа ноход боргож, ус цалгина. Заримдаа тал, голыг доргиулан галт тэрэг явж өнгөрнө...
Тиймээ, тэр дахиад ойр дотныхон нь, хүү нь дараалан өнгөрсөн энэ гэрт эргэж орохгүй. Ямар байсан тэр чигтээ л үлдэг дээ.
Энэ гэрт шулмын сүнс амьдарч байгаа. Үүнийг яаж мартаж болох билээ!Тэр сүнс түүнийг эртнээс мөшгиж эхэлсэн...
Тэрээр хөхрөн харагдах хөндий толгодтой, Цэрэг Нарсны цөөн хэдэн модтой, бутаар дүүрсэн элстэй жалга, бургас ганхах Ононгийн ногоон хөндий хийгээд түүний мяралзах цутгалан бүхий Кункурын талыг эргэн дурсав. Эрээн мяраан зуны баяраар танил хүмүүсийн хашгирах, мөн найзууд нь түүнийг бух шиг хүчтэй бүдүүн Түнтүү Дамбатай барилдуулахаар ятгаж байсныг сонсох мэт боллоо. Хар Түнтүү Дамба үнэхээр хүчтэй бөх байсан агаад аймгийн заан байсан боловч Жамбал Базар олон түмний хашгираан дунд Кункурын шороон дээр унагааж чадсан л юм даа. Жамбал Базар амьдралд юу эс тохиох вэ гэж бодоод өөрөө хөөрч бахархсангүй. Гэвч Түнтүү Дамба шившигт уналаа гэж бодсон уу хувцасаа өмсөж аваад, мориндоо мордон нутгийн зүг Судунтуй руугаа давхиж одсон билээ. Жамбал Базар одоо ч тийм хүмүүсийн аашын учрыг олдоггүй юм. Тийм хүмүүст юм ярьж болохгүй, тэднийг ялж болохгүй тэр ч байтугай эсэргүүцэж болохгүй. Гомдчихно.
Тэрээр хуруугаараа хутганы ирийг тэмтрэв. Үгүй ээ болоогүй байна. Танилууд нь эсвэл, Кункурын хүүхдүүд гуйвал тэрээр хутгыг тултал нь ирлэж өгдөг байлаа. Тэрээр дарханы газрын хавьцаа тоглох хүүхдүүдийг харан баясах дуртай байсан бөгөөд заримдаа өвгөчүүдтэй хөзөрдөж хэд гурван зэс зоос хожвол тэдэнд тараагаад өгчихдөг байлаа. Тэр талын хүмүүсийн нэгэн адил хүүхэд, хөгшдийг энэрч хайрладаг байсан юм. Гэхдээ өнчин өрөөсөн, буурай ядуусыг бүр ч илүү хайрлаж тэднээс юугаа ч харамладаггүй байлаа. Тийм дээ хэрэв түүнийг байнга мөшгиж байгаа хар шулам байгаагүй бол Жамбал Базар Кункуртаа жаргалтай амьдарч болох л байсан.
Түүнийг Өндөр Хандмаа гэдэг байсан агаад Жаргал Базарын анхны эхнэр ягаан царай, зузаан уруултай Долгорын ээж нь байсан юм. Тэр шулмын хараалыг хоёрхон үгэнд багтаавал зохилтой. Тэр нь уур цухлаар дүүрэн "Чи хэн юм бэ" гэж асуугаад өөрөө хариулдаг "Чи хэн ч биш" хэмээх шулмын амнаас гарах үгс өөрт нь ч амар тайвныг эс үзүүлдэг байсан биз...
Саран үүлсийн цаагуур улам шигдэж, салхи хүйтэн үлээж эхэллээ. Жамбал Базар дахин нэг ирийг нь шалгаад гутлын түрийндээ дахин үрэв.
Тэрээр өнчин хүн агаад эмээгийнхээ хараан дор өсөж хүмүүжээд гуч хүрч байж гэрлэсн хүн. Хайр дурлалаараа л гэрлэсэн хэрэг. Хэн түүнийг айл болгож авгай авч өгөх вэ дээ? Бяцхан Базарыг эмээгийнхээ хамт төрөл төрөгсдийндөө зочилохоор явсан хойгуур эцэг эх нь дүү нарынх нь хамт салхинцэцэгтэж нас барцгаасан байлаа... Ханхар мөртэй дуу муутай Жамбал Базарыг охинтой нь ярилцаж байхыг үзээд Өндөр Хандмаа галзуурах дөхөж:
- Чи, галзуу мичний удамт, хөгийн гуйлгачин, үдэш шөнөөр үхсэн ишигний арьс гудрагч! Чи одоо хэн юм бэ? Миний охины тухай бодох ч хэрэггүй шүү! Долгор чи наад хурган хуцнаас одоохон холд! хэмээн таван гэр, нэг саравчтай хот айлаар дүүрэн хашгирч, цамнажээ. Энэхүү уурласан эмгэнд хэн ч ойртож зүрхлэдэггүй байсан юм. Өндөр Хандмаа хэрүүл хийгээд зогсохгүй талын малчдын боддогоор шууд тусдаг, эсвэл биелдэг хараал хийдэг байжээ. Энэ эмгэн амнаасаа хөөс захруулан, уурсан хилэгнэж хэн нэгэн эмэгтэйг харааж загнасаны дараа тэдний үнээ, мал, хонь хурга үхэж үрэглсэн тохиолдол гарч л байлаа. Хүмүүс эмгэний хэл яг могойнх шиг хоёр салаа гэж ярьцгаадаг байв.
Тэр үед Жамбал Базар дув дуугүй гомдоод л өнгөрсөн хэрэг. Дараа удаа Өндөр Хандмаа түүнийг хараад дахиад л дайрч давшлан, өөрөөс нь үргэх адууг дальдчуулан:
- Чи үхсэн хулганын мах идэгч, хүмүүсийн үл тоох тарвага, чиний үр удам тасарч, үнс чинь хийсч, танайхан бүгдээрээ газрын гав руу орог! Миний охинд ойртоод үзээрэй! хэмээн харааж зүхэхэд нь хүртэл Жамбал Базар дуугүй өнгөрөв.
Зүрх нь базалж, хоолой бачууран, чих нь шуугиж байсан ч тэрээр ирээдүйнхээ хадам руу харж ч зүрхэлсэнгүй. Харин тэр Долгортой хуучин заншил ёсоор хулгайлж авна гэж тохирчээ. Тэгээд л хулгайлаад аваад ирэв.
Түүний настай эмэг эхийн баярласныг хэлээд баршгүй. Цонхигор царайтай, бүхий л насаараа ядуу зүдүү амьдарсан эмгэн бэрээ хаана суулгахаа мэдэхгүй баярлан хөөрч, инээж, булчинлаг өндөр Жамбал Базарыг нэг харж түүний эцэг эхийг нь бодон гуниглаж байлаа. Тэгээд өөрийнх нь дуу муутай ач хүү нь ийм сайхан бүсгүйтэй тохиролцож чадсанд бас баахан гайхна. За одоо л жинхэнэ амьдрал эхлэх нь гэж тэр залбирахаа больсонгүй. Гэвч долоо хоногийн дараа эмгэн хараалын тухай мэдээд түгшиж:
-Базар чи заавал дацан ор! Мөргөж залбираад лам нарт бүгдийг нь ярь. Хамтралын хонь хариулдаг улсуудтай зөвөл гэжээ. Жамбал Базар Ононгийн эрэг дээр алтан ганжир гялалзах Цуголын дацанд хэзээ ч очиж байсангүй. Харин шулам аль хэдийнэ лам дээр очоод түүнднэмж хачирлан ярьсан байжээ.
Зөвхөн Долгор л тайван байлаа.
- Манайд бүгд л бэрээ хулгайлдаг биз дээ хэмээн бүсгүй хөхрөөд, – Зүгээрээ, ээж харааж байгаад больчихно. Тэр дандаа л харааж зүхэж байдаг. Зүгээр ээ! гэжээ. Эмгэн ирэхгүй л байлаа. Нэг удаа Жамбал Базар хамтралын дэлгүүр орохдоо хадамтайгаа гэнэтхэн тулчихав. Эмгэн түүнийг зүхсэн харцаар харж, монхор хамар, хар үстэй толгойгоо гэдийлгэн, хавь ойроор дүүрэн, урт улаан хэлээ цухалзуулан:
- А-аа! Энэ чи муу гөлөг, дарга цэрэг, лам болоод хүмүүсийг үл хүндлэгч! Миний охиныг хулгайлсан гөлөг, үхсэн муу хуц, өөрийгөө хүн гэж боддог ганцаардмал хүүр. Чи хэн юм бэ? Чам шиг юмыг хаанаас ч олно хэмээн дуу тавин хашгирч зүхэж гарлаа.
-Боль л доо! хэмээн Жамбал Базарыг гараа өргөтөл.
-А-аа, чи бас намайг ээж гэх нүү! хэмээн эмгэний ааш улам хөдөлж: – Чи яасан гэж хүмүүсийг хайрладаггүй юм бэ? Чиний үр удам тасарч, хар толгой чинь цайраг, Чиний гэрийнхэн бүгд үхэж далд орог, муу хуц минь!
Хүмүүс дуугаа хурааж, Өндөр Хандмаагийн нүдэнд харагдахгүйг хичээн тарж одоцгоолоо.
Харин Өндөр Хандмаа, Жамбал Базар хоёр дуугаа хураацгаан тус тусынхаа моринд мордон хоёр тийш салж одов. Түүний цээжинд гомдол хорсол буцалж явав. Яагаад энэ эмгэн намайг ингэж үзэн ядна вэ? Түүнд ямар буруу хэрэг хийсэн юм болоо?
Харин тэр энэ хар эмгэнийг шулам гэдэгт итгэсэнгүй.
Долгор тэр хоёр жил амьдарч хүүхэдтэй болохыг хүсцгээж байлаа. Гэвч Долгор ерөөсөө жирэмсэлсэнгүй. Тэднийх 30-аад толгой хоньтой болж, хамтралын дарга тэднийд мал өгч бургасаар сүлжиж, үхрийн баасаар шавсан оромжных нь оронд бууцан дээр нь байшин барьж өгөхөөр амалсан тул амьдрал сайжрах боломж бүрдээд байлаа. Гэвч зуны эхээр Өндөр Хандмаа тэрэгээр давхин ирж бүх зүйл нурав.
- А-аа, бүр идээшээ шив муусайн ноход!-хэмээн шулам заналтай дуугараад залуу хос болон Дариймаа эмээг заналтайгаар ширтээд гэрт нь шууд яваад орчихов. Гуутай бурхадыг хилэгнүүлэхээс айн Жамбал Базар чимээгүй зогсож байлаа. Юутай ч гэсэн Өндөр Хандмаа хадам эх нь шүү дээ.
- Үүнийг (охиноо) өлсөөд хүрээд ирэх болов уу гэж бодож байлаа. Гэтэл эд энд бүр баяжсан байхшив, муусайн юмнууд. Энд одоо ямар заваан юм чанаад байгаа юм гэнгүүтээ гурван хөлтэй тулган дээр чанаж байсан тогоотой гурилтай шөлийг нь өшиглөж орхив. Тогоо хөмөрч, гал унтран чад падхийн дуугарав. Уур гэрээр дүүрч, утаа гарч шөлний гурилны түлэгдсэн үнэр ханхлана.
- Юмаа цуглуулаач! хэмээн Өндөр Хандмаа охин руугаа хашгирч
- Гэртээ харь! Хэн ч хүндэлдэггүй энэ үхсэн хуцтай чи энд юугаа хийх гээд байгаа юм. Би хөгширлөө, намайг харж ханддаг байгаа даа. Манай хөрш Бүдүүн Дондогтой гэрлэнэ биз хэмээв.
- Тэгвэл та бидэнтэй амьдар л даа хэмээн Жамбал Базар үг цухуйлгаад орхив.
- Та нартай юу? хэмээн шулам дороо дэвхцэн хашгирч - Өндөр Хандмаа хэзээ ч чам шиг заваан ядуу амьтантай хоол идэж үзээгүй, муу хуц минь. Чамд хэзээ ч үр бүү заяаг, муу мал минь үхэж далд ор... Хурдал Долгор, тэгэхгүй бол чиний энэ муу хуц, энэ нэг эмгэнийг яг одоо үхэхээр болгоод өгнө шүү хэмээн аймшигтайгаар хашгирлаа. Долгор уйлсаар дуугүйхэн хувцаслан гарч одов. Дариимаа эмээ бурхандаа залбирч гарав.
Гадна хотон дотроос:
-Хараал хүрэг, хараал хүрэг. Чиний бүх үр удмыг харааж байна, та нарын амьдрал сүйрч, араас чинь дандаа зовлон дагаж байг. Чи биднээс доогуурын доогуур долоон дор амьтан. Чамд хүмүүстэй хамт амьдрах тавилан байхгүй. Чи хэн юм бэ? хэмээн охиныхоо юмыг тэргэн дээрээ ачих зуураа хараан зүхэх дуулдаж байлаа. Дараа нь тэр тэргээ эргүүлэн охиноо бас амжин загнасаар явж одлоо.
Хот айлын хүмүүс амаа ангайлган гайхсаар гэрээс гарч явж одож буй тэрэгний араас харцгаав. Бүгд дуугаа хураацгаан, айсан байсан авч дотроо хүн бүр Өндөр Хандмаагийн нүдэнд өртөж, могойн хэл шиг хэл аманд нь өртөлгүй үлдсэндээ баярлацгааж байлаа. Тэр эмгэн өчүүхэн юмны төлөө ч харааж загнаж чадах байлаа.
Дариймаа эмээ унасан тогоог авч тулгаа засаж тавих зуураа:
- Одоо яая гэхэв дээ хүү минь, хувьгүй юм байлгүй хэмээн шивнэж байлаа. Хүрлийж барайсан Жамбал Базар модон орон дээр дуугаа хураан сууж байв.
Шөнө дуу чимээ ихтэй аадар орлоо. Өглөөгүүр угуугдсан ногоон тал хурц цэцэгээр хучигдаад хивс мэт алаглан харагдана. Дариймаа эмээ сэтгэл нь сэргэж:
- Харж байна уу? Тэнгэр бурхан бүх хараалыг угаагаад арилгачихлаа. Битгий шанал даа Базар минь, чи залуухан байна аз жаргал ирж л таараа. Тэр шуламтай дахиж бүү орооцолд.
Гэвч хот айлынх нь хүмүүс Жамбал Базарыг эндээс аль болох хол явсан дээр гэцгээж байлаа. Хэсэг бодоод хот айлынхаа ахынхаа гэрт амьдардаг дуу муутай өнчин Бямбаатай гэрлэхээр шийдлээ. Тэрээр туранхай муу Бямбаад тэр дороо л дурлажээ. Тэдний хувь заяа нэг талаараа төстэй ч юм шиг. Жамбал Базар Долгор болон шулмын тухай мартаж эхлээд байтал намар тэдний бүх хонин сүрэг үхэж үрэгдэж дуусав. Гэнэт шуламтай нэг хот айлд байдаг дугуй толгойтой буурал өвгөн Дорж тэргээр хүрч ирлээ. Хүмүүс эмгэнийг хөөхөөс айдаг байсан агаад тэрч хаа дуртай газраа юу дуртайгаа хийн амьдардаг байсан юм.
- Базар, чи надад хүний хүн биш, чи бид хоёр нэг удмын улсууд. Эндээс яв хэмээн Дорж өвгөн тос хийсэн бор цай оочлох зуураа хэлээд: Шулам чамд хараал хийсээр л байна. Чи хүчтэй, бие даасан хүн. Тэр шулам ийм хүмүүст дургүй хэмээжээ.
Ингээд Жамбал Базар өдөр шөнөгүй вагон тачигнаж, уурын галт тэрэг уухилан яндангаасаа адууны дэл шиг утаа уугиулан давхиж байдаг Оловянины талд нүүн ирлээ. Тэнд Бямбаа жирэмсэн болов. Жамбал Базар хилэн хараа унан уурын тэргийг гүйцэн давхиж халтар хөө болсон машинистэд хүүтэй боллоо хэмээн хашигарсныг яана...
Гэвч шулмын хараал тэднийг гүйцэн иржээ!
Шөнө дунд Жамбал Базар хилэн хараа хазаарлаж аваад эмээлээ тохон мориныхоо жолоог чанга гараараа Кункурын тал руу эргүүллээ.
Тэр яарсангүй. Бүгдийг бодож шийдсэн байлаа. Үүрээр иүүнийг Цэрэг Нарсны цөөн модны дэргэд ирэхэд сулхан бороо шивэрч эхлэв. Жамбал Базар мориндоо наалдан зогсолтгүй давхиж явлаа. тэнгэр хэдийгээр бараан үүлтэй, салхи үлээж байсан ч дорно зүгээс алгуурхан тэнгэр хаяарч улайран байсан агаад тал нутагт амьдрал үгүй мэт байлаа.
Өмнө хэдэн гэр, нэгэн барилгын дүрс тодорч эхлэв. Ноход борголдон хуцалдаж эхэллээ. Жамбал Базар морио Дорж өвгөний уяан дээр аваачлаа. Бороо орж, нойтон газар, бууц үнэртэнэ. Гэрээс чийрэг байрын эмгэн гарч ирлээ. Эмгэн ноходыг ташуураар хөөж, Жамбал Базар гэрт оров.
Тэр тэнд удсангүй. Гэхдээ халуун, аагтай цай уусны дараа зочиндоо баярласан хөгшин дугуй том толгойныхоо үсийг хусч өгөхийг хүсэхэд Жамбал Базар дуртай зөвшөөрлөө.
Бүрхэг, наргүй, сүүдэр ч үгүй өглөө боллоо. Том хар үүлс бараан хөшиг татуулан намхан нүүнэ. Бороо нэг больж, дахин ширүүсч байлаа. Хөгшиний эмгэн үнээ саахаар гарахдаа Долгортой замдаа таарч чихэнд нь нэг зүйл шивнэжээ. Тэр хашгираад, хувингаа газар чулуудаж орхиод өөрийнхөө шинэ нөхөр, амгалан зантай бүдүүн Дондогийг сэрээхээр гүйлээ.
Жамбал Базар өвгөний толгойг цэмбийтэл нь хусч орхиод шулмын гэр рүү яарчээ. Уур хилэнгээсээ болоод түүний нүүр ам мурийж аймшгийн харагдана. Түүнийг угтан юу ч ойлгохоо больсон Долгор, Дондог хоёр тээглэв. Хот айл ч үймэлдээд явчихав.
-Би ганцаараа үлдсэн! Хэмээн Жамбал Базар амьсгаадан Долгор, Дондог хоёрт хэлээд хамар ам нь сартагнан, хамаг бие нь чичирч: – Би шулмыг алахаар ирсэн. Надад бүү саад бол! гэв. Тэр зүүн гараараа яг л шуудайтай юм авч хаяж буй мэт Дондогийг түлхэж хаячихаад гэрийн онгорхой хаалгаар орлоо. Долгор дуу тавин чөдөртэй морьд руу гүйж одов... Ямар гээч юм Жамбал Базарыг ингэхэд хүргэснийг бид хэзээ ч мэдэхгүй биз. Эмгэн унтаж байлаа. Тэрээр шулмын үрчлээстэй хоолойг хүчтэй базаад өндийлгөн хутгаараа түүний гэдсийг хүү татжээ. Эмгэн сулхан гиншэн бие нь суларч төд удалгүй цус, өтгөн шингэний холилдсон үнэр ханх тавив. Жамбал Базар шулмын биеийг голомт руу нь чулуудаад аймшигтайгаар:
-Хараалтайгаа хамт үхэж далд ор хэмээн хашгирлаа.
Хот айлынхан сэрцгээж, айсан хашгираан ийш тийш гүйлдэх сонсогдоно. Хэн нэгэн хамтралын зүг давхижээ.
Жамбал Базар голомт руу нь нулимаад хутганыхаа цусыг Долгорын дээлэнд арчиж хаячихаад гэрээс гарав. Гэвч жижиг хаалга хаагдсангүй. Эргээд хартал хар шулам араас нь мөлхөн гарч ирж байх нь тэр. Эмгэний цусанд хутгалдсан гэдэс дотор цувран газраар нэг болжээ. Тэр нэг гараараа эрхтнүүдээ буцаан хийх гэж хичээж байлаа.
- А-аа, чи амьд байна уу хэмээн ухаангүй болсон Жамбал Базар хашгираад хасгууд хонины хоолойг хэрчдэг шиг түүний хоолойг хэрчиж орхив. Хав хар цус газраар нэг мэлтийлээ.
Бороо жаахан шивэрч, салхи бослоо. Жамбал Базар хилэн хар руугаа гүйн очоодухасхийн мордож сагсалзсан ногоо туучуулан Ортуйн талыг чиглэн одов.
Айж, бөөгнөрсөн хүмүүс араас нь хараад хоцорчээ.
Эмгэн саарал хүйтэн манан дундаас хөвөн гарч ирээд, ногоон тал дээр шатаж түлэгдсэн модны дэргэд зогсоод, намхан хөвөх үүл рүү навтас цуулан шидэлж, цусан хөөс цахруулсан амаараа давхиж яваа түүний араас хараал зүхэл цувруулж гарчээ.
- Далд ор шулмаа! хэмээн морьтон амандаа борооны дусал оруулан байж аймшигтайгаар хашгирахад шулам манан дунд аажуухан замхрах шиг. Гэвч тэр тэнд байсаар байлаа! Тэгээд Жамбал Базар өөрийн анд, хоньчин Допоргийнд давхин хүрч очлоо. Юу болсныг түүний амнаас дуулаад дуу тавьж, хоол унд өгч амарч байгаад яахаа бод хэмээжээ. Гэвч Жамбал Базар саатахыг хүссэнгүй.
- Найз минь, хараал миний араас ирж яваа! хэмээн цөхрөн хэлэхийг нь сонсоод хатуу чанга Допорго хүртэл хүчтэй Жамбал Базарыг өрөвджээ. Жамбал Базар – Би хил давна. Тэнд манайхан олуулаа бий. Далай нуур, Шэнэхээн орно. Миний араас залбираарай анд минь!
Допоргын тэвхэлзсэн авгай хүртэл уйлж хайлан байж идэх юм хийсэн богц өгчээ. Тэгээд Жамбал Базар Ононг чиглэн давхилаа. Харин эмгэн гэдэс дотроо газраар цувуулан чирсээр араас нь мөлхөж байх шиг.
- Далд ор шулмаа! хэмээн морьтныг хашгирахад дахиад л манан дунд алга болно.
Гол харлан булингартаж урсгал ширүүсчээ. Хилэн хар ус руу цүл пал хийн орлоо.
ДХ-ын буриад, айж сандарсан Дондог хамтрал дээр давхин очиж хүмүүс арай чамай сэргийлэхтэй холбогдон Аймгийн төвөөс салж унахаа шахсан полутэргээр 10-аад сэргийлэгч яаран иржээ.
Үд өнгөрсөн хойно машинтай сэргийлэгч нар Допоргойн хотонд ирэв. Бороо шиврэн орсоор л байлаа. Салхи нойтон өвс, үүлсийг хийсгэж модон бүхээгтэй машиныг ганхуулна. Сэргийлэгчид шинелдээ шигджээ.
- Та нар түүнийг гүйцэхгүй ээ! хэмээн моторын шуугиан дундуур Допоргой дугуй царай, онигор нүдтэй ягаан хүрээтэй фуражкэн малгайтай дотоодын хамгаалахын төлөөлөгчид тайлбарлан:
- Тэр аль хэдийнэ Ононг гаталсан хэмээжихүй.
- Зүгээр, гүйцэх л болно хэмээн бараан царайт офицер хэлээд машины кабинд орж жолоочдоо -Шууд Онон руу хэмээн тушаав. Машин гол дээр орой очиж голын эргээр нааш цааш хэд явав. Гэнэт нэг залуухан сэргийлэгч гэнэтхэн бачууран, баясгалантай орилон, гараараа зааж:
- Хараач, хар даа! хэмээхэд ахимаг шанаархаг сэргийлэгч голын тэртээ ширтэн:
- Юу гэж орилоод байгаа юм бэ? Юундаа баярлаав гэв.
Нөгөө эргээс нойтон бутан дундаас хилэн хар морьтой норсон морьтон гарч ирлээ. Полутарка огцом зогсоход сэргийлэгч нар давхарлаж унаад босч ирцгээгээд кабины хаалгыг тогшлоо.
- Тэр байна! гэж офицер орилоод -Муу новш амраад авч. Шууд бууд. Карабин буунуудын замаг тачигналаа. Борооноос болоод хөөсрөн урсах голын дээгүүр буун дуун тачигнав. Хилэн хар урагш гэнэт эргэхэд хөх дээлтэй морьтон норж хоцорсон сэргийлэгч нар руу ямар нэгэн юм буриадаар хашгирлаа. Дахин буун дуу тачигнасан ч ухаант хилэн хар морьтонг харанхуй хөндий авч оров.
- Больцгоо! хэмээн офицер санаа алдаад - Одоо түүнийг барихаасаа өнгөрсөн. Хилчид барьж магадгүй гэжээ.
- Шуламыг алчихдаг байна шүү хэмээн залуухан сэргийлэгч инээмсэглэн аяархан шивнэв.
Ахимаг нь түүний хамарт нь хүртэл малгайг нь дарж орхиод хар бараан үүлсийг гунигтайгаар ширтэлээ.
Шөнө дөлөөр шиврээ бороон дундуур Жамбал Базар хил нэвтэрч амжжээ. Хилчид унтаж байсан хэрэг.
Хүмүүс Жамбал Базарыг Шэнэхээнд амьдарч байсан хэмээн ярьцгаадаг. Тэрээр бяцхан ч овоо хүчирхэг бүлэг байгуулаад нутгийн буриадуудаас мал цуглуулж япончуудаас зэвсэг худалдаж авдаг байж. Тэрээр цагаан, улаан, ногоонтнуудаас аллага хядлагаас болж Оросоос зугтаж гарсан буриадуудыг дээрэмддэг болсон барга, цахаруудыг хөөдөг байсан гэдэг. Япон, хятадууд Жамбал Базарт саад хийхийг боддоггүй байжээ. Угаасаа хятадуудад монгол бие биенийгээ алж хядах нь таалагддаг шүү дээ. Харин япончууд буриад-монголчуудыг хүндэлж тэднийг өөрийн цэрэгтээ элсүүлэх эсвэл тагнуул болгодог байсан цаг.
Гэхдээ энэ бүхний эцэст Жамбал Базар өтөл нас хүртлээ амьдарсан юм.
Гэр бүлтэй, үр хүүхэдтэй байсан ч шөнөөр ер унтаж чаддаггүй байсан гэдэг. Магадгүй мөнөөх эмгэн манан дундаас хөвөн гарч ирээд, ногоон тал дээр шатаж түлэгдсэн модны дэргэд зогсоод, намхан хөвөх үүл рүү навтас цуулан шидэлж, муу ёроор гэрэлтэх нүдээр харан хилэн хар морьтойгоо зугтах Жамбал Базар ру, цусан хөөс цахруулсан амаараа хараал зүхэл цувруулж байдаг байсан биз. Гэвч шулмын хараал түүнд хүрээгүй юм. Жамбал Базар зөвхөн үүрээр унтаж нойрондоо уйлж, инээдэг байсан гэж ярьцгаадаг.