ПЕТЕРБУРГИЙН ДЕПУТАТ БУРИАДЫН ТУУЛЬД СЭДЭВЛЭСЭН ЦАХИМ ТОГЛООМ БҮТЭЭЖ БАЙНА
Буриадын баатар Гэсэрийн тухай туульд үндэслэж цахим тоглоом бүтээх ажил наанадаж 8 тэрбум рублийн өртөгтэй байна.
Санкт-Петербургийн “Купчино” орон нутгийн тойргийн дэд дарга Константин Балаганский буриадын баатар Гэсэрийн тухай туулиас сэдэвлэсэн цахим тоглоом бүтээхээр шамдаж байна. Хамгийн багадаа найман тэрбум рублийн хөрөнгө оруулалт орох тооцоололтой triple-A ангиллын энэ өндөр төсөв бүхий төсөл “Газар дэлхийн дуудлага- Гэсэрийн мандалт” нэртэй байна.
Туулийн эх материалыг судалж үйл явдлуудаа босгоход хоёр жил шаардагджээ. Багийн бүх гишүүд үндсэн ажлаасаа гадуурх чөлөөт цагаа энэ төсөлд зориулдаг байна. Оросын уугуул ард түмний баатруудтай холбоотой тоглоомыг Marvel цувралын баатруудаас дутахгүй алдартай болно гэдэгт Балаганский итгэлтэй байна.
— Константин, та хоёр жил гаруй энэ төслийн ажлыг эрхэлж байна. Одоо аль шатандаа явна вэ?
— Бэлтгэл ажилд бид ихэнх цагаа зарцуулсан. Зохих түвшний шинжилгээ судалгаа явуулах хэрэгтэй байсан юм. Гэсэр манай уугуул ард түмний дунд төдийгүй Төвд, Балба, Монгол, Хятад гээд Ази түмний дунд алдартай. Энэ сэдвийг барьж авснаараа бид өмнө асар том ажил хийх ёстой болсноо ойлгосон юм. Судлаачид энэ туулийг хэдэн арван жилээр, зарим нь бүр насаараа судалж шинжилдэг. Тиймээс энэ тууль, яг ямар үйл явдлын өрнөл боловсруулах вэ гэдгээ тодорхой болгохын тулд түүний олон хувилбарыг судлахад чамгүй хугацаа зарах хэрэгтэй болсон юм.
Биднийг энэ тоглоомыг хийхээр болсоныг мэдсэний дараагаас Буриадад сонирхож эхэлсэн. Гэсэрийг өөрийн үндэсний баатараа хэмээн үздэг энэ бүс нутгийн өнцөг булан бүрээс бидэнтэй холбогдож ямар том чухал сэдэв болохыг хэлцгээж байлаа. Гэсэрийг хэд хэдэн шашны төлөөлөл өөрсдийн ариун баатар хэмээн үздэг учир нутгийн хүн зон, тэдгээр шашны төлөөллүүдтэй уулзаж, тодорхой зөвшөөрөл авах нь чухал байсан юм. Улмаар бид Буриад руу, алслагдмал хязгаар нутгууд руу бүтэн экспедицүүд гаргаж эрдэмтэдтэй, орон нутгийг судлах музейдтэй төрөл бүрийн уулзалт, бага хурлууд зохион байгуулсан энэ бүх ажилд хоёр жил шахмын хугацаа орлоо.
Одоо бол төсөл бүрэн цаасан дээр буусан. Одоо хамгийн адармаатай – хөрөнгө оруулалт хайх шатандаа явна. Гэхдээ бид боломжтой зарим ажлыг өөрсдийн хүчээр амжуулж байна. Хажуугаар нь чуулга уулзалтуудад мөн оролцож байна. Өнгөрсөн онд 12 шахам форумд очиж, яриа таниулга хийж, тоглоомынхоо талаар ярьж хөөрсөн байна.
— Яг ямар хүмүүсээс та бүхэн зөвшөөрөл хүсч хандсан бэ?
-Тэнгэр шүтлэгтнүүд, бурхны шашны төлөөлөл гээд бараг бүгд бидэнтэй ярилцах хүсэлтэй байсан. Оросоос гадна Төвдөөс ч бас хандаж байлаа.
Туулийн үндсэн буриад хувилбарыг бөө мөргөл шүтлэгийн гэж үздэг. Тэдгээр тэнгэр шүтлэгийг, ариун дагшинд тооцогддог онгод тэнгэрүүдийг дүрсэлсэн байдаг. Мөн бурхны шашны гэж тооцогддог төвдийн хувилбар байдаг ч тэнд бас бурхны шашнаас өмнөх үеийн нөлөө харагддаг. Үүнээс шалтгаалж эдгээр шашны төлөөлөгчдийн хооронд зарим санал зөрүүтэй байдал үүсдэг. Гэхдээ бид энэ бүхэнд авталгүй, чухам соёлын бүрдэл хэсгүүдийг харуулахыг зорьж байна. Туулийн олон хувилбаруудын гол үндэс нь хүн төрөлхнийг аварч муу хүчийг дарж устгах эрмэлзэлтэй гэгээлэг баатар байдаг.
Бид яваандаа энэ туулийн цуврал тоглоом бүтээх бодолтой байгаа. Өөрөөр хэлбэл ардын аман зохиолын баатруудын виртуаль орон зайд сэргээн амьдруулах юм. Энэ бол Marvel-ийн баатруудад манай туулийн баатруудаас барьж байгаа хариу гэж болно.
— Тоглоомынхоо хийцийн талаар ярьж өгөөч.
— Бид анхнаасаа онцгой өөр зүйл бүтээх санаа зорилго агуулсан. Тэгээд ч туулийн сэдэв өөрөө асар хүчирхэг, гоёмсог, бас сонирхолтой шүү дээ. Тиймээс бид хоёр жанрыг нэгтгэе гэж шийдсэн. Нэг нь RPG Action-adventure төрлийн ганцаарчилсан хэв маягийн, God of War-той төстэй гэж хэлж болно. Үүн дотроо цааш явахын хэрээр онлайн тулаант платформ төрлийн олон хэрэглэгчдийн горим –MOBA үйл явдлууд руу орж болно. Одоогоор ийм тоглоом гараагүй байгаа. Тоглоом бүтээгч олон хүн биднийг тэгэх хэрэггүй гэж байгаа ч бид ямар нэг шинэ, ер бусын зүйл бүтээхийг хүсэж байна.
Цаашлаад бидэнд олон санаа сэдэл төрсөөр байна. Тоглоомоо олон төрөлтэй байлгахаас гадна боловсролын гэх мэт олон хавсралттай байхаар төлөвлөж байна. Тоглоомоосоо гараад янз бүрийн портал руу шилждэг, виртуаль орчны горимд орох хэсэг бас байх болно. Кибер туризм гэх шинэ сонирхолтой чиглэл эхэлчихсэн байна. Туулийн үйл явдал өрнөж байгаа газар орнуудыг VR хэлбэрээр судлах боломжтой болгохын тулд бид шууд тоглоом дотроо бүс нутгуудын виртуаль газрын зураг хийх юм. Хүүхдүүдийг тоглоом тоглоод зогсохгүй бас хөгжил боловролд нь нэмэр болохыг зорьж байна. Боловсролын блоктой давхар бие махбодын хөгжлийн хэсгүүдийг нэгтгэх санаа бий.
—Санааг тань сонсож байхад хүчтэй, бас амаргүй стартап болох шинжтэй байна. Хэдий хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах вэ
— Маш үнэтэй, бас маш хэцүү ажил гэдгийг нуухгүй. Манай тоглоом triple-A ангиллын буюу хамгийн өндөр зэрэглэлд багтах болно. Дэлхийн энэ төрлийн тоглоомуудыг бид баримжаалж байна. Triple-A ангиллын тоглоомуудын өртөг 100 сая орчим ам.доллараас эхэлдэг. Одоогийн ханшаар 8 тэрбум орчим рубль болно. Ийм их мөнгийг бидэнд хэн ч нэг дор гаргаж өгөхгүй нь ойлгомжтой. Баруунд ч гэсэн тоглоом бүтээгчид бүх мөнгөө нэг дор аваад байдаггүй. Энэ ажил боловсруулалтын түвшин тухай бүрээр үе шаттай явагдаж, янз бүрийн компани, сангуудаас хөрөнгө оруулдаг. Манайх ч гэсэн ийм маягаар л явагдаж байна. Хөрөнгө оруулах сонирхол илэрхийлж байгаа талууд бий. Бид тэдгээр компанид тодорхой нөхцлүүд бий болгохын төлөө ажиллаж байна. Тоглоомоо илүү хямд болгохын зэрэгцээ муудуулахгүй байж болно гэдгийг бид харж байна. Орост ийм боломжууд бий. Авьяастай олон залуус манай Петербургт, Татарстанд, өөр бусад бүс нутгуудад ч байна. Бидэнтэй хамтдаа хөгжиж, оросын өргөн хүрээний бүрэн цогц төсөл болж өсөх боломж бүрдүүлээсэй гэж хүсч байна. Багийн гол цөм нь бидэнд бий.
— Тийм хэмжээний тоглоом бүтээхэд 100-аас доошгүй мэргэжилтэн шаардлагатай.
— Тиймээ, үндсэндээ 50 хүн наад зах нь байх ёстой. Одоогоор бид тэр хэмжээнд хүрээгүй, ажил ч тийм их хэмжээтэй биш байна. Аажимдаа хүчин чадлаа нэмэгдүүлнэ.
— Хөрөнгө оруулалтыг та бүхэн зөвхөн Оростоо хайж байна уу, хилийн чанадаас бас сурвалжилж байна уу?
— Сүүлийн жилүүдэд байдал төвөгтэй болсон. Анх бид дэлхийн компаниудыг авч үзэж, тэд ч ерөнхийдөө хөрөнгө оруулах сонирхолтой байв. Нэг сайн жишээ бол Atomic Heart байна. Тэд ч гэсэн жижиг студиэс эхэлж, дараа нь хэд хэдэн хөрөнгө оруулалтын компани үе шаттайгаар хөрөнгө оруулсан байдаг. Бид нэгэнт Орост байгаа учраас эхний ээлжинд эндээсээ хөрөнгө оруулалт олох хүсэлтэй байна. Тэгээд ч төсөл маань Оросын уугуул ард түмний соёл, уламжлалтыг сурталчилж, дэлгэрүүлэх зорилготой болохоор тэр юм. Манайхыг, тэр дундаа манай тоглоомын аж үйлдвэрийг сонирхож байгаа түнш орнууд байгаагаас эн тэргүүнд АНЭУ болон Хятадыг нэрлэж болно. Хятадын хувьд, тэд энэ туулийг өөрсдийнх гэдэг талаас авч үздэг учир байдал төвөгтэй. Хятадууд “Гэсэр” туулийн төвөд хувилбарыг бүр 2010 онд ЮНЕСКО-д биет бус соёлын өвд бүртгүүлэхээр хүсэлт мэдүүлсэн байдаг. Ярилцаж үзэхэд тэд Хятад улс хөрөнгө оруулбал төсөл хятадынх болно гэдгийг бидэнд шууд ойлгуулсан. Эмираттай байдал арай өөр. Тэд ийм төслүүдэд, ялангуяа геймерүүдийн хөгжүүлэх системд хөрөнгө оруулах сонирхол байдаг. Тэд тухайлбал, улс руу нь нүүж очих нөхцөлд санхүүжүүлэхэд бэлэн гэдэг. Тэнд очиж ажиллаад хөрөнгө оруулалт авах нь олон хүнд таалагддаг. Гэхдээ манай багийнхны дийлэнх нь амьдралдаа ийм өөрчлөлт хийхэд бэлэнгүй байна.