Тэмүүлэнд тусалъя!
Монголын бяцхан иргэнд яаралтай тусламж хэрэгтэй байна. АРД портал-сайт өөрийн уншигчиддаа хандан, цонхоор унаж хүнд гэмтсэн 5 настай Тэмүүлэн хүүгийн ээжид туслахыг уриалж байна. Буриадын тархины мэс заслын эмнэлэгт шаардлагатай мэс ажилбар, эмчилгээг хийлгэх зардал цуглуулахад нь тусалцгаая!
Улан-Удэ хотод амьдардаг монгол гэр бүлийн хүү болох Тэмүүлэнд тохиолдсон харамсалтай явдал Буриадын олон нийтийг түгшээсэн хэвээр байна.
Хүмүүсийг нэгтгэлээ
2015 оны зургадугаар сарын нэгэн халуун өдөр таван настай Тэмүүлэн хүү зайрмаганд явсан эмээгээ хүлээж байхдаа нээлттэй цонхноос санамсаргүйгээр ойчжээ. Хүү унахдаа толгойдоо хүнд гэмтэл авч, ухаан алдсан байна. Түүний эмээ Цагаанцэцэг хоёр давхарт байх /бурханы авралаар их өндөр байгаагүй нь яамай/ өөрийн сууцны цонхон дор хүүг ухаангүй хэвтэж байхад нь олжээ.
Түргэн тусламжийн жижүүрийн эмч нар Тэмүүлэн хүүг эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх хотын клиник эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэнд анхны тусламж, эмчилгээг үзүүлсэн байна.
Хоёр хоногийн дараа тэрбээр ээж Цэцэгсайханы хамт эмнэлэгээс гарсан байна. Гэвч хэд хоногийн дараагаас хүүгийн бие дахин муудаж, ухаан алдсан Тэмүүлэн хүүг Семашкогийн нэрэмжит төв эмнэлэгийн тархины мэс заслын тасагт шилжүүлжээ. Онош нь “тархины А3 хэсэгт тархины урд артерийн судасны гэмтэл” гэж гарчээ. Буриадын хэмжээнд зөвхөн энэ эмнэлэгт л тархины судасны мэс ажилбар хийдэг аж.
2015 оны долдугаар сарын 7-нд “гавлын ясыг нээх замаар гэмтсэн судсыг нөхөх” хүнд төрлийн мэс ажилбар хийсэн ба эмч нар найман цаг гаруй Тэмүүлэн хүүгийн амийг аврахаар тэмцжээ.
Анагаах ухааны доктор, тархины мэс засалч Игорь Бухаев мэс заслын багийг удирдан ажилласан байна. Мэс ажиллагааны дараа Тэмүүлэн хүү 10 хоног сэхээн амьдруулах тасагт, дахиад 7 хоног тархины мэс заслын тасагт хэвтсэн байна.
Семашкогийн нэрэмжит төв эмнэлэгийн мэс засалчид монгол хүүг шууд утгаараа нөгөө ертөнцөөс эргүүлэн авчирсан бөгөөд яаралтай /эрүүл мэндийн даатгал тусгагдаагүй мэс ажилбар/ эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Мэс заслын дараа Тэмүүлэн хүүгийн бие эрс сайжирч, инээмсэглэж, асуултанд хариулж эхэлсэн байна. 5 настай Тэмүүлэн хүүг аврах буяны аян хоёр улсын иргэдийг нэгтгээд байна.
Зураг дээр: Тэмүүлэн мэс заслын дараа эмээгийн хамт
- Хүүгийн ээж Цэцэгсайхан: Бид Оросын иргэд биш. Эрүүл мэндийн даатгал ч бидэнд байгаагүй. Гэвч энэ эмнэлэгийн эмч нар үүргээ биелүүлж миний хүүд мэс засал хийсэн /180 мянган рублийн үнэтэй - ред/. Тэмүүлэн хүүг маань амралтын өдөр, шөнийн цаг гэлтгүй жижүүрлэн сахиж эмчилж байсан бид маш их талархаж байна.
Сэргээн засах эмчилгээ шаардлагатай
Долдугаар сарын 23-нд эмч нар Тэмүүлэн хүүг ээжтэй нь хамт эмнэлэгээс гаргасан ба хүүхдийн эмнэлэгт сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээжээ. Мөн нэг сар орчмын дараа хүүг хөл дээрээ босохоор нь давтан мэс засал хийлгэх шаардлагатай гэжээ. Хүүгийн гэр бүлийн санхүүгийн хүндрэлийг ойлгож байгаа эмч, эмнэлэгийн ажилчид эхний яаралтай мэс заслын төлбөрийн талаар огт дурдаагүй аж.
- Тэмүүлэн явж, хөдөлж, зогсч чадахгүй байгаа. Зогсоохоор өвдөлт өгч байгаа. Хөл нь хөдлөхгүй байгаа хэмээн хүүгийн ээж ярьжээ. “Иймд наймдугаар сарын 24-нд гэж товлосон байсан давтан мэс заслыг дахин нэг сараар хойшлуулаад байна. Хөл дээрээ бостол нь хүлээзнэх шаардлагатай. Дахин мэс засалд орохоос өмнө хүүхдийн төвд сэргээн засах эмчилгээ зайлшгүй хэрэгтэй байгааг эмч нар онцолж байна. Бидэнд эрүүл мэндийн даатгал байхгүй болохоор эмнэлэгээс эмч нар ирэхгүй байгаа. Сэргээн засах эмчилгээ ч хийлгэх боломж бидэнд алга. Яахаа мэдэхгүй л байна” гэж хүүгийн ээж учирлаж байна.
Өдгөө Буриадад бизнес, ажил, солилцооны шугамаар эсвэл төрөл төрөгсөд, найз нөхдөө зорьсон Монголын багагүй иргэд амьдарч байна. Орос, Монголын иргэд харилцан визгүй зорчдог болсноор хөрш орноос аялал жуулчлалаар ирэх хүмүүсийн тоо ч эрс нэмэгдсэн. Байгаль нуур үзэх, нутгийн соёл, үзмэртэй танилцах, арилжаа худалдаа хийхээр монголчууд их ирж байна. Гэвч одоогоор Буриадын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын иргэдэд төлөвлөгөөт эмнэлэгийн тусламж үзүүлэх асуудал зохицуулагдаагүй хэвээр.
АРД портал-сайтын хамт олон өөрийн уншигчиддаа хандан Монголын 5 настай бяцхан иргэн Тэмүүлэнд хүүхдийн эмнэлэгт сэргээн засах эмчилгээ хийлгэхэд нь цаашлаад тархины давтан мэс засалд ороход нь шаардлагатай мөнгөн тусламж, хандив өргөхийг уриалж байна.
Та өөрийн хандивыг Сбербанкны 676280099004034955 тоот картанд Тэмүүлэнд хэмээн хаяглан шилжүүлэхэд болно.
Монгол дахь данс: 5041128121 /ХААН Банк /Б.Наранбаатар. АРД сайтын УБ дахь төлөөлөгч, сэтгүүлч/
Утас: Тэмүүлэнгийн ээж Цэцэгсайхан +7 (950)380-6171
эмээ Цагаанцэцэг +7(951)623-0808
Сайн үйлс дэлгэрэх болтугай!