Буриадад «Шагай наадаан» үндэсний тоглоомыг өвлөн үргэлжлүүлж байна
Буриадын Үндэсний хурлын ээлжит долоодугаар чуулганаар парламентын гишүүд «Биеийн тамир, спортын тухай» хуульд оруулах өөрчлөлтийг авч хэлэлцэнэ.
Энэ баримт бичгийг «Шагай наадаан» үндэсний тоглоомыг хөгжүүлэх зорилгоор боловсруулжээ.
Парламентын дэд хорооны тэргүүн Виталий Лыгденовын тэмдэглэн хэлсэнээр, үндэсний спортын төрлүүдийн үнэ цэн нь залуу үеийнхний бие махбодын хөгжилд төдийгүй соёл хоорондын харилцан яриа бий болгоход тус дөхөм үзүүлдэг үндэстэн, ястнууд хоорондын харилцаа холбоо тогтоож, оюун санаа-ёс суртахууны өндөр түвшний хөгжил хийгээд буриадын ард түмний түүх-соёлын өв уламжлалд оролцоотой байх мэдрэмж, басхүү нийгмийн эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, хүүхэд өсвөр үе, залуучуудын дунд хэт даврах болон терроризмын үзэл санаа дэлгэрэхтэй тэмцэх зэрэгт оршдог байна.
Буриадын үндэсний «Шагай наадаан» тус улсад 2009 оноос хойш идэвхтэй хөгжиж байна. 2014 онд тус тоглоомын Буриадын Бүгд найрамдах улсын соёл-спортын арга хэмжээний хөтөлбөрт оруулсан юм. Буриадын ард иргэд «Шагай наадаан»-ыг ихэд сонирхохын зэрэгцээ тоглогчдын тоо өсөх хандлага ажиглагдаж байна. Мөн тэмцээн уралдаанд энэ наадмаар өрсөлддөг тоглогчдын тоо 200 хүртэл өсөн нэмэгджээ.
Бүгд найрамдах улсын хуулийн дагуу Буриадын үндэсний спортын төрлүүдэд өдгөө бөхийн барилдаан, үндэсний сур харваа, шатар, сээр хугалах тэмцээнүүд багтаж байна. Түүхэн талаасаа буриадын үндэсний наадам наадгай нь биеийн хүчинд тулгуурласан гэдэг үүднээс эрчүүдийн дунд зонхилон зохиогдож иржээ. Өдгөө харин «Шагай наадан» буриадын хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд ч олноороо нааддаг өргөн дэлгэр үндэсний наадам болсон байна.
Буриадын үндэсний «Шагай наадаан» нь дан ганц уламжлалыг өвлөн үргэлжлүүлж, басхүү бие махбодын хөгжил, эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх хэрэгсэл төдийгүй соёл, боловсрол, спорт болон аялал жуулчлалын үлэмж нөөцтэй наадам юм.
«Буриадын Бүгд найрамдах улсын «Биеийн тамир спортын тухай» хуулийн 17.1-ийн нэгдүгээр заалтад өөрчлалт оруулах тухай хуулийн төсөл нь цаашид буриад үндэсний «Шагай наадаан»-ыг хөгжүүлж, өвлөн үргэлжлүүлж, түүгээр тоглогчдыг сайшаан урамшуулах боломжийг олгоно, - гэж хуулийн төслийг боловсруулагчид үзэж байна.