Монгол-ОХУ хоорондын уламжлалт, харилцан ашигтай хамтын ажиллагаа шинэ чиглэлээр өргөжинө.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Эрүүл мэндийн сайд Евгения Лудупова тэргүүтэй мэргэжилтнүүдийн баг Монгол Улсад айлчилж байна.
Монгол-ОХУ хоорондын уламжлалт, харилцан ашигтай хамтын ажиллагаа шинэ чиглэлээр өргөжинө.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Эрүүл мэндийн сайд Евгения Лудупова тэргүүтэй мэргэжилтнүүдийн баг Монгол Улсад айлчилж байна. Энэхүү айчлал нь өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Ганзориг, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко нарын уулзалтын хүрээнд тохиролцсон ажлуудын салхийг хагалж байна.
ОХУ-ын эрүүл мэндийн яамны багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Анагаах Ухааны Их Сургуулийн профессор, эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор Елена Климова хүрэлцэн ирсэн.
Ийнхүү гурван өдрийн ажлын айлчлалын хүрээнд Монгол болон ОХУ-ын манай улстай хил залгаа мужуудтай эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хэтийг төлөвийг нарийвчлан тогтлоо.
ОХУ-ын эмч мэргэжилтнүүд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд зөвлөлдөх уулзалт хийлээ.
Ташрамд дурьдахад Монгол болон ОХУ-ын Эрүүл мэндийн сайд нарын уулзалтын үеэр ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко өндөр технологийн эмнэлгийн үйлчилгээ явуулахад эмч, мэргэжилтэн бэлтгэхэд туслахаа мэдэгдсэн. Мөн хоёр улсын сайд нар эх нялхас, төрсний дараах эмчилгээ, хавдарын өвчлөлтэй тэмцэх, халдварт өвчнийг оношлох, эдгээх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон билээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үүд хотын Н.А.Семашкогийн нэрэмжимт нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
Хамтын ажиллагааны хүрээнд Буриадын эмч мэргэжилтнүүд Монголын мэргэжил нэгт нөхдүүдээсээ эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны талаар туршлага судалж, тус эмнэлэгт дадлага хийхээр болсон юм.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ой ирэх онд тохионо. Өнөөдөр тус эмнэлэгт 548 ортой, 15 чиглэлийн оношилгоо, эмчилгээ явуулж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал:
Өнгөрөгч онд манай эмнэлгийн түргэн тусламжийн тасаг 23 мянган хүнд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн. Мөн 24 мянган иргэн хэвтэн эмчлүүллээ. Мэс заслын тасгийнхан 15 мянган мэс ажилбар амжилттай хийсэн.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь өөрийн эмчилгээ, оношлогоонд шинжлэх ухаан хамгийн орчин үеийн ололт амжилтыг нэвтрүүлэхэд анхаарч ирсэн. Тус эмнэлгийн эрдэм шинжилгээний алба 1993 оноос хойш амжилттай үйл ажиллагаа явуулж байна.
Тус эмнэлэг анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд анхлан нутагшуулсан. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 оноос, харин 2011 оноос донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байна.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Эрүүл мэндийн сайд Евгения Лудупова:
Би гурав дахь удаагаа энэ эмнэлэгт ирж, ажиллаж байна. Манай Буриад улсын нэгдсэн эмнэлэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай эхэлсэн. Одоогийн байдлаар 8 удаагийн бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна. Цаашид Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ОХУ-ын Бугд Найрамдах Буриад Улсын Улаан-Үүд хотын Н.А.Семашкогийн нэрэмжимт нэгдсэн эмнэлэг хооронд хамтран ажиллах, тогтмол туршлага солилцох санамж бичиг байгуулах хүсэлтэй байгаа энэ ташрамд илэрхийлж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Улмаар энэ жилээс Буриадын эмч мэргэжилтнүүд тус эмнэлэгт туршлага судлахаар болсон байна.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Эрүүл мэндийн сайд Евгения Лудупова тэргүүтэй мэргэжилтнүүдийн баг Монгол Улсад айлчиллынхаа хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдтой уулзлаа. Уулзалтын үр дүнд халдварт өвчнийг эмчлэх түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Эрүүл мэндийн сайд Евгения Лудупова:
Бид элэгний Д вирусээр өвчилсөн иргэдийн эмчилгээнд чиглэсэн хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох ажлыг ойрын хугацаанд хийхээр боллоо. ОХУ-ын эмч мэргэжилтнүүд энэ өвчнийг эдгээх хангалттай туршлага хуримтлуулсан түүнээсээ хуваалцахад бэлэн байна. Мөн Буриад улсын эмнэлгүүдэд элэгний Д вирусээр өвчилсөн иргэдийг хүлээн авч анагаах боломжтой.
Мөн Буриадын эмч мэргэжилтнүүд хавдарт болон зүрх судасны өвчин эмгэгийг өндөр технологийн тусламжтайгаар оношилж, анагаахад Монголын талтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжлалаа.