2024 ОНД ОХУ, БНХАУ, БНАСАУ БОЛОН МОНГОЛ УЛСЫГ ХАМАРСАН ЭКО АЯЛЛЫН ЦОГЦ МАРШРУТТАЙ БОЛНО
Эдгээр дөрвөн улсын нутгаар дайрсан эко аяллын 50 шахам маршрут бүхий цогц үйлчилгээ бий болох юм.
Орос, Монгол, Хятад, Умард Солонгос улс хооронд энэ 2024 онд эко аялал жуулчлалын нэгдсэн үйлчилгээ боловсруулж ажилд оруулахаар тохиролцсон гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам мэдээлсэн байна.
Энэ мэдээллээс үзвэл, “Туманганы өргөтгөсөн санаачилга (ТӨС)-д оролцогч дөрвөн улс эко аялал жуулчлалын хэтийн ирээдүй бүхий хамтарсан цогцолбор бүрдүүлэхээр тохиролчээ”. Зүүн Хойд Азид экологийн аялал жуулчлал хөгжүүлэх асуудлаарх семинарын үеэр ийм шийдвэр гарсан байна. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны олон талт хамтын ажиллагаа, тусгай төслүүдийн асуудал эрхэлсэн хэлтсийн захирал Никита Кондратьев цогцолбор маршрутыг энэ 2024 ондоо ажиллагаанд оруулна гэж мэдэгджээ. Тус цогц үйлчилгээ Орос, Монгол, Хятад, Солонгос дөрвөн улсын нутгийг хамарсан эко аяллын 50 шахам маршрутаас бүрдэнэ. Энэ хамтарсан ажлын дүнд Зүүн Хойд Ази даяарх аялал жуулчлалын бүсүүдийг таниулан сурталчлахад чиглэсэн сүүлийн үеийн дэлгэрэнгүй лавлах бий болох ажээ. Уг лавлах нь Туманганы өргөтгөсөн санаачилгад нэгдсэн орнуудын аялал жуулчлалын салбарынхан, тэдгээрийн үйлчлүүлэгчид дунд түгээгдэх аж.
Аялал жуулчлалын энэ нэгдсэн лавлах бий болсноор ОХУ-ын Сибирь болон Алс Дорнодын бүс нутгууд руу чиглэсэн дотоодын аялал жуулчлалын нөөц боломжуудыг дайчилж, Зүүн Хойд Азид одоо хэрэгжиж байгаа болон хэтийн төслүүдтэй холбоотой аялал жуулчлалын салбарын мэдээлэл сайжирна хэмээн ОХУ-ын Эдийн засаг хөгжлийн яамны мэдээлэлд цохон тэмдэглэжээ.