Буриадаас зудын гамшигт өртсөн Монгол улсад гаргасан экспортын хэмжээ 4 дахин нэмэгджээ
Улаан-Үдийн мал эмнэлэг хяналтын цэгээр дамжиж Монгол улс руу гарсан экспортын хэмжээ дөрөв дахин нэмэгджээ.
Энэ 2024 оны эхний улиралд Монгол улсад Буриадын Бүгд найрамдах улсаас мал амьтны гаралтай 81 удаагийн (665 тонн) бараа бүтээгдэхүүн экспортложээ.
Улаан-Үдийн мал эмнэлэг хяналтын цэгийн мэргэжилтнүүд, Оросын ХАА-н бүтээгдэхүүний хяналтын газрын Эрхүү муж болон Буриадын Бүгд найрамдах улс дахь салбарын мэргэжилтнүүд тэдгээр бүх ачаа барааг хянаж шалган бүртгэлжүүлсэн байна.
Өмнөх 2023 оны мөн үетэй харьцуулахад Монгол улс руу гаргасан бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ 4 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт экспортын бүтцээр нь авч үзвэл: 51 хувь нь мал аж ахуйн тэжээл, 18 хувь нь загасны нөөшилсөн мах, 21 хувь нь сүү, сүүн бэлэн бүтээгдэхүүн, үлдсэн 10 хувь нь хиам болон бэлэн махан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, байгалийн зөгийн бал, хүнсний желатин, хагас боловсруулсан шөл болон оросын үйлдвэрлэгчдийн бусад бүтээгдэхүүн байна.
Монгол улсын хэмжээнд өнгөрсөн өвөл их хэмжээний цас унаж, өвс тэжээлийн нөөц хүрэлцээгүй байснаас үүдэн малын тэжээлийн экспорт нэмэгдэж, нийт 360 гаруй тоннд хүрчээ. Мөн Монголын худалдааны сүлжээ дэлгүүрүүдэд Буриадад үйлдвэрлэсэн хиам болон бэлэн махан бүтээгдэхүүний эрэлт өссөн байна.
Оны эхнээс Улаан-Үдийн мал эмнэлэг хяналт, шалгалтын улсын байцаагчдаар дамжиж БНХАУ руу нийт 5 удаа (30 тонн) бага, хандгай, цаа бугын ясжсан эвэр гаргасан байна. Өнгөрсөн онд эдгээр бүтээгдэхүүн экспортод гараагүй юм.
Бүх барааг импортлогч орнуудын мал эмнэлгийн шаардлага, мал эмнэлэг, эрүүл ахуйн дүрэм журмыг чанд баримталсны дагуу авто болон төмөр замаар тээвэрлэн гаргасан байна. Мөн бүтээгдэхүүний нэр төрөл, багц тус бүрээр мал эмнэлгийн дагалдах бичиг баримтыг олгон ажиллажээ.