“Диагрупп”-ын захирал Валентина Дориева Монголд ажил хэрэгч айлчлалд оролцсон талаараа ярилаа
Валентина Дориева Монголд хийсэн ажил хэргийн айлчлалын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрээр нөхөн үржихүй болон вируст гепатит өвчний оношлогоо эмчилгээний чиглэлээр монголын өвчтнүүдтэй ажиллаж байсан хэзээний туршлагатай нэгний хувиар Улаанбаатарт ажлын айлчлалд оролцох саналыг хүлээж авчээ.
“2023 онд вируст гепатитаар өвдсөн хүмүүс манайд маш их ирж байсан. Үүнийг ч Монгол улсын Эрүүл мэндийн яам анхааралдаа авчээ. Энэ оны хоёрдугаар сард тус Яамны сайд С.Чинзориг манай Төвд хүрэлцэн ирсэн юм. Харин бид саяны айлчлалынхаа үеэр хоёр талын хамтын ажиллагааны талаар үргэлжлүүлэн хэлэлцэж, хэлэлцээр байгуулаад ирлээ” гэж “Диагрупп” ХХН анагаах ухааны төвийн захирал ярьж байна.
Тэд бас ХӨСҮТ-д очиж хамтын ажиллагааны талаар нарийвчлан хэлэлцжээ. Тус компанийн “жинхэнэ арьс” төст Nova skin бүтээгдэхүүнийг Монголд маш их сонирхож байсан байна. Улмаар Валентина Дориева Монгол улсын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүнээ бүртгэлд хамруулах журамтай танилцаж Монгол дахь борлуулагчидтай холбоо тогтоож чаджээ.
- Айлчлал маш ажил хэрэгч шахуу хөтөлбөртэй байлаа. Сайн зохион байгуулсан Буриадын экспортыг дэмжих төв, Худалдаа аж үйлдвэрийн танхимд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Монголын үйлдвэрлэл худалдаа эрхлэгчид оросын бизнесийг нэлээд сонирхож байгаа нь анзаарагдлаа. Ийм айлчлалууд их хэрэгтэй байна. Энэ бол олон улсын түвшинд гарах эхлэл юм, - гэж Валентина Дориева ярилаа.
Монгол дахь бизнес айлчлал өнгөрөгч 3 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд Улаанбаатарт болжээ. Айлчлалыг Буриад улсын Аж үйлдвэр, Худалдааны дэмжлэгтэйгээр Буриадын экспортыг дэмжих төв зохион байгуулсан байна.