Буриад улс Монголд 7,1 мянга гаруй тонн хүчит тэжээл илгээжээ
«Куйтунское» ХХН 4 дүгээр сарын 10-ны лхагва гарагт Монголын малчдад туслах хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд ээлжит тээвэрлэлт хийв.
Тус аж ахуй нийт 150 орчим тонн овъёосын тээвэрлэлт хийжээ: хоёр машин овъёос, дөрвөн машин улаан буудай гаргасан байна. Үүн дээр дахиж их даацын нэг машин гаргахаар төлөвлөжээ.
- Монгол улсад үүссэн байгаль цаг уурын хүндрэлтэй холбогдуулж Алексей Самбуевич Буриадын фермерүүдэд хандаж хөршүүддээ хүнд үед нь дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Манайд гандуу байх үед Монгол улсаас бидэнд сүрэл, хүчит тэжээл гээд тэжээл нийлүүлж байсан шүү дээ, - гэж «Куйтунское» ХХН-ийн захирал Григорий Мясников сануулж ярив.
Буриадаас хөрш улсад нийт 8500 тонн үр тариа тээвэрлэн хүргэх юм.
⁃ Өнөөдрийн байдлаар, 236 машин ачаа тээвэрлээд байгаа бөгөөд энэ нь 7155 тонн үр тариа, овъёос, арвай юм, - гэж Буриадын Хүнс, ХАА-н сайд Галсан Дареев ярив.
«Куйтунское» ХХН үр тариалангийн аж ахуй өнгөрсөн онд ургац сайтай байж, овъёос, улаан буудай арвай, гурвалжин будаа, вандуй, маалинга, рапс нийт 6 мянга гаруй тонныг хураажээ. Эднийх мөн мянга гаруй үхэртэй байна.
- Манай аж ахуйн хувьд, малдаа өгдөг боловч тэжээл хангалттай бий. Бүр илүүдэл үүссэн байгаа тул дараагийн ургац хүртэл малдаа өгөх тэжээл бий. Мөн борлуулах үрийн материал ч бий, - гэж фермер ярив.
Хөрш улсдаа дэмжлэг үзүүлэхэд Буриадын Баргузин, Бичур, Заиграев, Кабан, Курумкан, Хиагт, Мухаршивэрт, Тарвагатай гэсэн 27 районы ферм оролцжээ.
Буриадад сүүлийн гурван жил дараалан үр тарианы ургац бүхэлдээ нэмэгджээ. 2023 оны дүнгээр гэхэд, сүүлийн 23 жилийн дээд үзүүлэлтэд хүрсэн байна.
Үр тарианы нийт ургац 140,6 мянган тонн болж 2022 оны түвшнээс 20,5%-иар өсжээ.
Үр тарианы дундаж ургац нэг га тутмаас 20,7 центнер байжээ. «Куйтунское» ХХН-ийн ургац нэг га тутмаас 32 центнер байдаг юм.
⁃ Бид ах дүү Монголын ард түмэнтэй хуваалцах зүйлтэй. Тэгээд ч тариалалт эхлэхээс өмнө бидэнд төрөөс дэмжлэг үзүүлдэг тул өсөж дэвжих хугацаа ч бас байна,- гэж аж ахуйчид ярив.
Энд сануулахад, ОХУ-ын засгийн газрын даалгавраар Монголын ард түмэнд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсгийг Буриадын Бүгд найрамдах улсын Засгийн газрын дарга Алексей Цыденов Монгол улсын ерөнхий сайдын орлогч С. Амарсайхантай 3 дугаар сарын 17-нд Хиагт боомтын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгт уулзалт хийх үеэр гардуулсан юм. Оросын засгийн газрын зүгээс гаалийн албыг хүмүүнлэгийн тусламжийг улсын хилээр хялбаршуулсан журмаар татваргүй нэвтрүүлэхийг даалгажээ.