АМАРХҮҮ: БИ ГЭРТЭЭ ИРЛЭЭ
Буриадын олон нийтийн хайртай дуучин, орос, монголын эстрадын од Борхүүгийн Амархүү удаан завсарласны эцэст тайзнаа эргэн иржээ.
Энэ баасан гарагт тэрээр Буриадын нийслэлийн нэгэн шөнийн клубт бяцхан тоглолтоо сонирхуулах юм байна. Харин ирэх тавдугаар сард дуучин Дуурь бүжгийн театрын тайзнаа томоохон концерт тоглох бодолтой байна.
Амьдралд минь тохиолдсон үйл явдлуудын дараа тайзан дээр эргэж гарах над хүнд байсан. Гэвч өнгөрсөн онд миний ажиллаж байсан продюсерийн компанийн ойн баяр болоход тэд намайг дуулахыг ятгаж чадсан юм. Би хоёр дуу дуулах төлөвлөгөөтэй байсан ч эцэст нь тавыг дуулсан. Олны энэ дэмжлэг, хамтрагчдын маань дэм над, гурван мянган хүнтэй танхимд концерт тоглох, хэдэн сарын дараа ахин тоглох эрч хүчийг над өгсөн юм, - гэж Амархүү сэтгэл хөдлөлөө нуулгүй бидэнтэй хөөрөлдсөн юм.
«Одоо харин би гэртээ эргэж ирээд байна, -гэж ярьсан Амархүү Улаан-Үд хот дахь аяллаа өөрийн нэгэн цагт суралцаж төгссөн №39 сургуулиас эхэлжээ. “Хуучин адууны жүчээ байсан газар гэдгийг нь бий мэднэ л дээ. Тэхдээ энэ дүр зураг тийм ч сайхангүй байна. Сургууль маань харахад гуниг төрөм болжээ” гэж өгүүлэв.
Ирээдүйн ардын жүжигчин уран бүтээлийн замналаа эхлүүлсэн дараагийн газар нь Төмөр замчдын соёлын ордон юм. “Миний эрхэм дотно Наталья Александровнагийн удирддаг байсан “Веселушки” чуулга энд байлаа. Би ардын дуунууд дуулдаг байсан юм. Ортол үүдэнд хүүхдүүдээ хичээлээс нь авахаар хүлээж буй эцэг эхчүүд байв. Тэд юун хав хар хувцастай хүн ороод ирэв гэсэн шиг гайхсан царайтай байсан (инээв). Тэгтэл багш маань ч гарч ирж бид тэврэлдэж үнсэлдсэн юм.”
Амархүү “Ардын жүжигчин” тэмцээний үеэр өөрийнх нь төлөө яаж саналаа өгч байсныг эргэн санахдаа Буриадын өөрийн цор ганц эх орноо хэмээдэг. “Хэзээ нэгэн цагт надаас тэр олон мессежний төлбөрийг нэхэх вий гэж айдаг шүү» (инээмсэглэв).
Одоо тэр бидэнд өөрийн эхнэр, хүүг танилцуулах гэж байна. Дуучны гэргий Азийн топ-модель, загвар өмсөгч О.Ариунзул, хүү нь Улаанбаатар хотдоо нэртэй орос сургуулийн гуравдугаар ангийн сурагч. «Хүү маань орос сургуульд, дараа нь америк сургуульд сурч байсан. Одоо бид Плехановын сургуульд суралцаж байна. Миний хүү орос хэл мэддэг байх ёстой гэж би боддог. Би түүнд бага насны минь дурсамжууд дүүрэн газрууд, Улаан-Үд хотыг заавал үзүүлнэ”, - хэмээн гэрийнхнийхээ талаар ярив.
Өнөөдөр дуучин бүхнийг цоо шинээр эхэлж, юун түрүүнд “Премьер министр” хамтлагийн продюсерээр ажиллаж байсан Евгений Фридляндын компанитай бүх асуудлаа шийдэхээр барьж авчээ. Дараа нь оросын эстрадад эргэн хөл тавих аж. 2000-аад оны эхээр оросын тайзыг эзэгнэж байсан тэрээр Димаш, Анатолий Цой эсвэл Дэмбэрэл байгаа хэдий ч эстрадад орон зай бүгдэд нь хүрэлцэнэ гэж үзэж байна. «Орос бол асар олон үзвэрийн газар, заал тайзтай агуу том улс. Хамгийн гол нь хийх ажил их, үзэгч олны хайр хүндэтгэл бүгдэд хүрэлцэнэ гэж бодож байна. Зүгээр л ажиллаад байх хэрэгтэй”.
Тэрээр ирэх тавдугаар сард Буриадад, хайрт дуурийн театрынхаа тайзан дээр томоохон концерт тоглох бодолтой байна. Одоогоор энэ бямба гарагт Улаан-Үдийн нэгэн шөнийн клубт тоглох ажээ.
Тэрчлэн өөрийн биеэр хорт зуршлыг ялан дийлсэн хүний хувиар Амархүү гэр бүлийн хүчирхийлэл, архи, мансууруулах бодис, хортой харилцааны сэдвийг хөндөж ярихаас зайлсхийдэггүй байна. «Монголд эдгээр сэдэв хаалттай, олны өмнө ил яриад байдаггүй. Гэвч асуудал нь оршдог учраас, би тийм байдалд орсон хүмүүст хэрхэн туслах талаар боддог. Магадгүй, ямар нэг төв байж болох юм». Улмаар Амархүү Улаан-Үд хотод тоглох концертынхоо орлогын нэг хэсгийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод туслах санд хандивлах бодолтой байгаа юм байна.