Хүрлийн үеийн нүүдэлчид цусаар хүнс бэлтгэн хэрэглэж байжээ
Мал амьтны сүү болон цусыг боловсруулахын тулд монголын тал хээр нутгаар оршин амьдрагчид 2700 орчим жилийн өмнөөс хүрэл тогоо ашиглаж байжээ.
Тухайн үед хамаарах археологийн олдворуудад уургийн шинжилгээ хийсэн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ. Археологчдын малтлагын үед евразийн талаар нэг тархсан хүрэл зэвсгийн үеийн төмөр тогоонууд олддог.
Гэвч тэдгээрийг чухам юунд хэрэглэж байсан нь өмнө нь тогтоогдоогүй байсан юм. Тэгвэл Базелын их сургуулийн эрдэмтдийн явуулсан олон улсын судалгаагаар энэ нууцыг ил болгосныг Scientific Reports сэтгүүлд нийтлүүлжээ: монголын нүүдэлчид цус цутгах зорилгоор ийм тогоонуудад төхөөрсөн мал амьтныхаа цусыг юүлж, түүндээ сарлагийн голдуу иссэн сүү нэмдэг байсан болзошгүй аж.
Базелын их сургуулийн доктор Шеван Уилкины удирдсан судалгааны хэсэг 2019 онд Монголын хойд нутгаас бусад эд өлгийн зүйлсийн хамтаар малчдын олсон хоёр хүрэл тогоонд уургийн өргөн хүрээтэй шинжилгээ явуулсан талаар asiarussia.ru эх сурвалжид тулгуурлан мэдээлжээ. Радио нүүрстөрөгчийн шинжилгээгээр, тогоонууд хожуу хүрлийн үед буюу 2700 орчим жилийн тэртээх үед хэрэглэгдэж байсан гэж үзсэн байна.
Мал амьтны цусыг хүнсэнд хэрэглэх нь өнө эртний уламжлалтай
Тогоонуудаас судлаачид хонь, ямааны голдуу хивдэг амьтдын ул мөр илрүүлжээ. “Нүүдэлчид цусыг хүнсэндээ тогтмол хэрэглэдэг байсныг түүхийн янз бүрийн баримтуудаар нотлогддог. Нүүдэлчид цусыг хүнсэнд хэрхэн хэрэглэж байсан талаарх илүү тодорхой ойлголт шинэ олзворуудаас гарч ирж байна”, - гэж дээрх судалгааны өгүүллийн хамтран зохиогч, АНУ-ын Мичиганы их сургуулийн доктор Брайан Миллер тайлбарласан байна. Нүүдэлчид мал амьтан төхөөрөх үедээ цусыг нь тогоондоо цуглуулж, өнөөгийн монголчуудын хоол зоогийн уламжлалтай ижил төстэй аргаар цус цутгаж хэрэглэдэг байсан байх магадлалтай гэж үзжээ. “Монгол нутагт мал төхөөрч, хоол хүнсэндээ хэрэглэдэг зан үйлийг түүхэн талаас нь сайтар үндэслэлтэй тайлбарласан баримтуудаар цус боловсруулах нь эртнээс нааш Монголын хоолны соёлын нэг хэсэг байсныг нотолж байна” гэж судалгааны удирдагч Шеван Вилкин ярьжээ. Цус цутгаж хэрэглэх нь тал хээрээр нутаглагч бусад ард түмнүүдийн ч бас хүнс нөөшлөх чухал аргын нэг байжээ.
Сарлагийг, өмнө тооцоолж байснаас эрт үед гаршуулжээ
Тогоонуудаас цусны уургаас гадна гэрийн тэжээвэр амьтад болон сарлагийн сүүний ул мөр илэрчээ. "Энэ нь Монгол нутагт сарлагийг өмнө тооцоолж байснаас хавьгүй эрт үед гаршуулж, сааж ашигладаг байсныг харуулж байна”,- гэж Уилкин тэмдэглэсэн байна. Мөн тэдгээр тогоон дотор исгэж тараг хэлбэрт оруулах юмуу цус боловсруулж хэрэглэхдээ нэмэлт болгож ашиглаж байх боломжтой байна. "Бидний нээлтийн дүнд хүрлийн үеийн нүүдэлчин ард түмнүүдийн уламжлал, хоолны соёлыг илүү таньж, эрт галавын үеийн соёл иргэншлүүдийн хооллолтын олон янзын аргуудыг мэдэж авах боломж бүрдэж байна”, - гэж Уилкин мөн тайлбарлажээ. Базелын болон Мичиганы их сургуулиудаас гадна энэ төсөлд Йен дэх Макс Планкийн нэрэмжит гео-антропологийн хүрээлэн, Монголын Үндэсний музейн шинжээчид оролцжээ.
В сюжете: Монголияархеологиякочевники