Алексей Евсиков: "Монголд Орос соёлыг хадгалахад саад хориг тавьдаггүй”
Монголд оршин суугч орос иргэдийн хэл соёлоо хадгалах, үнэн алдартны шашин шүтэх боломжийг хангаж, аливаа саад хориг тавьдаггүй. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков энэ тухай мэдэгдэв.
“Монголд орос иргэд байнга оршин суудаг болсон нь хүнд хэцүү түүх хэдий боловч энэ хүмүүс уламжлалт ертөнцийг үзэх үзэл, өөрсдийн хэл соёлыг өвлөн хадгалж, зарим нь өнөө хэр үнэн алдартны шашнаа шүтсэн хэвээр байна. Тиймээс энэ тал дээр тэдэнд ямар ч саад тотгор учруулахгүй байгаа монголын эрх баригчдад зохих ёсоор хүндэтгэл үзүүлэх учиртай” гэж Оросын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хэлэв.
Тэрээр Улаанбаатар хотноо “Хилийн чанад дахь орос иргэдийн нийгэмлэг хадгалагдах үндэс суурь нь уламжлалт үнэт зүйл болох нь” нэртэй бүсийн 17 дугаар бага хуралд үг хэлсэн юм. Тэрээр Монголд “нутгийн оросууд” гэгдэх хүмүүс хэрхэн бий болсон тухай ярив. “Эндэх орос диаспора ХХ зууны эхэн үе, 1920-1930 он болон 1940-1950 оны үед гэсэн гурван удаагийн нүүдлийн дүнд үүсэж бий болсон юм. Хүмүүс ийшээ сайн сайхан амьдралаас дайжиж ирээгүй байдаг. Монгол дахь орос хүмүүсийг урт удаан хугацааны туршид улстөрийн хувьд найдвартай бус хэмээн хандаж, 1956 оныг хүртэл ЗХУ руу шилжин амьдрахыг зөвшөөрдөггүй байсан”,- гэдгийг элчин сайд тэмдэглэв.
Түүний ярьснаар, 1970-аад оныг хүртэл энд шилжин ирэгсэд паспортгүй, зөвхөн түр оршин суугчийн үнэмлэхтэй байжээ. 1960-аад оны үед Монголд зөвлөлтийн мэргэжилтнүүд олноор ажиллаж эхэлсэнээр тэднийг мөн “нутгийн оросууд”-тай холбоо харилцаа тогтоохыг зөвлөдөггүй байжээ.
“1956 онд Монгол улс дахь ЗХУ-ын элчин сайдаар томилогдон ирсэн Вячеслав Молотов Братскийн болон Саяно-Шушенскийн усан цахилгаан станцын барилгын ажилтай холбогдуулж “нутгийн оросууд”-ыг ЗХУ руу гарахыг зөвшөөрсөн байна. Ингэснээр Монголоос гарах орос иргэдийн нүүдэл эхэлж, 1990-ээд оныг хүртэл үргэлжилсэн юм”, - гэж Евсиков эргэн сануулав.
1971 оноос эхлэн тэдгээр хүмүүст ЗХУ-ын паспорт олгож эхэлжээ. 1990-ээд оны эхээр Монголоос зөвлөлтийн цэргүүд гарч эхэлсэн цагаас 30 мянга гаруйгаар тоологддог байсан орос иргэдийн тоо мэдэгдэхүйц цөөрсөн байна. Одоогийн байдлаар, үүний эсрэг үйл явц өрнөж байна гэж элчин сайд ярьжээ.
“Монголд залуучууд, бизнес эрхлэгчид зэрэг орос иргэд ирж байна. Үүнд манай хоёр орны хооронд визгүй зорчих журам үйлчилдэг, мөн Монгол улсын визийн чөлөөт горим дэглэм дөхөм болж байна. Гэхдээ эндэх орос иргэдийн гол цөмийг Монголд 4-5 үеэрээ амьдарч байгаа хүмүүс бүрдүүлж байна”,- Евсиков тэмдэглэсэн байна.