Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын яриа хэлэлцээнд Орос улс тус дөхөм үзүүлнэ
ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Алексей Оверчук Петербургийн эдийн засгийн форумын талбарт Монголын төлөөлөгчидтэй уулзжээ.
Орос улс Евразийн эдийн засгийн Зөвлөлийн гишүүний хувиар Монгол улс болон Евразийн Эдийн засгийн Холбоо хоорондын яриа хэлэлцээнд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байгааг Оросын Ерөнхий сайдын орлогч Алексей Оверчук мэдэгджээ. Оросын засгийн газрын сайтад нийтлэгдсэн мэдээлэлд энэ тухай өгүүлсэн байна.
“Хоорондын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, харилцан зах зээлийн нээлттэй байдлыг хангаж сайжруулах, Евразийн макро бүс нутаг дахь эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн Монгол улс болон Евразийн эдийн засгийн Холбоо хоорондын яриа хэлэлцээг ахиулахад, мөн засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаанд Евразийн эдийн засгийн зөвлөлийн гишүүний хувиар Орос улс тус дөхөм үзүүлэхэд бэлэн байгааг Алексей Оверчук илэрхийлэв ”,- гэж мэдээлэлд дурьджээ.
ОХУ-ын засгийн газрын дэд дарга Монгол улсын эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна.
Энэ үеэр талууд 2023-2024 онд мэдэгдэхүйц эрчимжсэн Орос, Монгол хоёр улсын хоорондох худалдаа-эдийн засгийн өнөөгийн хамтын ажиллагаа, цаашдын хэтийн төлөвийн талаар санал солилцлоо гэж мэдээлэлд дурьджээ.
Түвдэндорж энэ үеэр, Монгол улстай хоёр талын болон бүс нутгийн түвшин дэх хамтын ажиллагааны асуудлуудаар анхаарал хандуулж ажиллаж байгаа оросын талд талархал илэрхийлсэн байна. Мөн энэ уулзалтад оролцсон Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайд Ө.Энхтүвшин Орос-Монголын засгийн газар хоорондын комиссын хүрээнд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнөж байгааг сайшаажээ.