ОХУ БНСУ-тай шууд нислэгээ сэргээж магадгүй
Индонез, Саудын Араб улсуудын тухайд мөн ижил төлөвлөгөөтэй байгаа талаар ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Дмитрий Чернышенко мэдээлжээ.
Орос улс ойрын үед Өмнөд Солонгос, Индонез, Саудын Арабтай агаарын шууд харилцааг сэргээхээр ажиллаж байна. ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Дмитрий Чернышенко Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын талбарт энэ тухай мэдээлжээ.
“Ойрын үед Индонез, Саудын Араб, БНСУ-тай агаарын харилцаагаа сэргээх асуудлаар ажиллаж байна”, - гэж тэр ярив.
Чернышенкогийн ярьснаар, оросын нисэх компаниуд Иордан, Кувейт улсууд руу нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар ОХУ 38 улстай олон улсын агаарын шууд харилцаатай байна. Оросын иргэдийн аялж жуулчлах газар нутгийн хүрээг өргөжүүлэх ажил тогтмол хийгдэж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2030 оноос өмнө аялал жуулчлалын үйлчилгээний экспортыг нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгсөнийг тэр мөн тэмдэглэлээ.
ОХУ-д аялж жуулчлахыг гадаад зах зээлд сурталчлах хөтөлбөрийг хэрэгжүүлж, визний шаардлагыг хялбарчлах, хувийн шинжтэй чанарлаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн, өндөр чанартай дэд бүтцийг бий болгох замаар дээрх зорилтыг хангахаар төлөвлөж байна.
“Орос руу аялах нь Ойрхи Дорнодод моод болж байгаа тул Исламын ертөнцийн орнуудаас ирэх жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг бид харж байна. Тиймээс манай улсын ард иргэд болон гадаадын зочдын аль алинд аялж жуулчлахад тухтай байхуйц нөхцлийг бүрдүүлж Оросоос олон улсын агаарын шууд нислэгүүдийг өргөжүүлэхийн тулд бид түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна " гэж Чернышенко онцлон тэмдэглэв.