Буриад театр дээлтэй зуны наадам зохион байгуулав.ФОТО
#дэгэлфлешмоб_зун өргөн олныг хамарч, 800 орчим хүн оролцжээ.
Зургадугаар сарын 12-нд Оросын өдрөөр Буриад театраас зохион байгуулсан – #дэгэлфлешмоб_зун нийтийг хамарсан арга хэмжээ боллоо. Театрын уран бүтээлчдийн өвөл Цагаан сарын баярын үеэр зохион байгуулсан наадмын зуны хувилбар нь энэ байв.
Буриад театрын уран сайхны ажилтан Олег Юмов тэргүүнтэй ажилтнууд, жүжигчдийн зохион байгуулсан наадамд оролцогчид зуны дээл, загварын хувцастайгаа Зөвлөлүүдийн талбайд цугларчээ.
Баярт хүрэлцэн ирсэн зочид олон нийт Буриад театрынхны гоё зүүсгэлийг сонирхож бахдан үзэцгээж байв. Үзэмжтэй, олон янзын үндэсний хувцас гоёлыг эндээс харж болохоор байлаа. Буриад театраас гадна Н. А. Бестужевын нэрэмжит Оросын драмын улсын театрын жүжигчид, бусад уран бүтээлийн хамтлагийнхан төдийгүй баярын зочид гийчид бас хоцролгүй, орос ардын хувцсаа өмсөж үндэсний онцлогоо гайхуулсан юм .
Урлагийн тоглолтыг үзэгч бяцхан жаалууд мөн үндэсний хувцасныхаа жижиг хувилбаруудыг дуртайяа танилцуулж байлаа.
Буриад театрын тугийн дор жагссан #дэгэлфлешмоб_зун наадамд оролцогчдын цувааныхан дуулж бүжиж, уран бүтээлчид нь буриад ардын дуунууд дуулж байсан бол, зам дагуух хүмүүс инээмсэглэж, гар даллан баяр хүргэж, жагсаалыг гар утсандаа буулган авч байв. Хүн бүхнийг нэгтгэж чадсан өнгөлөг, үзүүштэй жагсаал болсон юм. Үйл ажиллагааг зохион байгуулагчид замд таарсан хүмүүсийн эерэг хандлагад баярлаж талархахын зэрэгцээ флэшмобд нэгдсэн бүх хүнд тусгайлан баяр хүргэж байв.
Жагсагчдыг жижиг тайз зассан Хувьсгалчдын талбайд концерт тоглов.
Буриад театрын жүжигчин Дамбадугар Бочиктоев, Болот Динганорбоев, Чимит Дондоков нар ая дуугаа өргөв. Янжина Ринчинова, Рая Бадмаева нар «Хатан» хөгжимт жүжгийн хэсгээс тоглож үзүүлсэн бол, Дахалэ Жамбалов морин хуур хөгжмөөр дан ганц үндэсний ая эгшиг бус, Майкл Жексон, Рэй Чарльз нарын хит дуунуудаас тоглон олныг бишрүүлж байлаа. Төгсгөлд нь тэрээр Тиматигийн Баклажан (Лада седан) аязаар бүгдийг хөгжөөв. Хөтлөгч нар номер бүрийн дундуур буриад үндэсний эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн хувцасны онцлогийн талаар танилцуулж байлаа.
Хамгийн гоёмсог чамин хувцасласан «Байгаль» чуулгынхан найрал дууны номер үзүүлэв. Урлагийн хамтлагууд, концертод оролцсон уран бүтээлчид орос, эвенк ардын үндэсний хувцсуудыг бас үзүүллээ. Үзэгчид дуу хуурыг сонирхон үзэхийн зэрэгцээ хөтлөгчдийн асуултад хариулж,дуучид хөгжимчдийг даган дуулж бүжиж, хөгжилдөж байсан юм.
«Буриадын соёлын яам зуны дээлтэй наадмыг анхнаас нь дэмжиж байсан бөгөөд энэ арга хэмжээнд оролцох урилгыг маань хүлээж авсан бүх урлагийн хамтлагууд, ард иргэддээ талархал илэрхийлж байна. Энэ наадмаар бид манай ёс уламжлал, соёл амьд хэвээр гэдгийг харуулж, Оросын өдрийн баяр ёслол бидний эв нэгдлийг дахин нотолж өглөө” гэж Буриад улсын соёлын сайд Соелма Дагаева ярив.
#дэгэлфлешмоб_зун жинхэнэ утгаараа өргөн олныг хамарч, багаар бодоход 8000 орчим хүн оролцсон юм. Буриад театрынхан энэ арга хэмжээ зөвхөн өнгө үзэмж гоёмсог төдийгүй, жинхэнэ эв нэгдлийн баяр болсон гэж итгэлтэй байна. Энэ баярын үеэр соёл ёс заншил, өмсгөл зүүсгэл өөр боловч бүх хүн өндөр сэтгэгдэлтэй, идэвх өрнүүн, үнэт зүйл, төрөлх нутаг орноо гэх сэтгэл нэгтэй нь харагдаж байлаа.
Концерт тоглож дуусахад #дэгэлфлешмоб зуны наадам ч бас өндөрлөв.
Буриад театр бүх оролцогчид Оросын өдрийн баяр хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлж байлаа. Тус театрын уран бүтээлчид өөр олон шинэ жүжиг, концерт, өнгөлөг, хөгжилтэй, баялаг үйл ажиллагаа олныг зохиохоор төлөвлөжээ.
Энэ удаагийн төсөл Буриадын соёлын яамны дэмжлэгтэй хэрэгжсэн бөгөөд Соелмы Дагаева сайдын ярьснаар, урлагийн бусад хамтлаг чуулгууд ч бас, Оросын ерөнхийлөгч Владимир Путины санаачилсан "Культура" үндэсний төсөл зэрэг Холбооны улсын хэмжээний хөтөлбөрүүдтэй холбоотой уран бүтээлийн төслүүд амжилттай хэрэгжүүлж байгаа юм байна.