Буриадын эмч нар Монгол улсад сургалтад хамрагдаж байна
Буриадын эмч мэргэжилтнүүд Улаанбаатар хотноо Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт сургалтад хамрагдаж байна.
Буриадын засгийн газрын дэд дарга, Эрүүл мэндийн сайд Евгения Лудуповагийн энэ оны хоёрдугаар сард Монгол улсад хийсэн айлчлалын дүнд эмч мэргэжилтнүүдийг Монголын томоохон эмнэлэгт сургалтад хамруулах ажлыг зохион байгууллаа. Мэдээгүйжүүлэг, ерөнхий мэс засал, хэвлийн хөндийн хэт авиан оношилгоо, гастроэнтерологийн долоон эмчээс бүрдсэн Буриадын баг 14 хоногийн хугацаатай сургалтын хөтөлбөрт хамрагдаж байна.
Энэ удаагийн Оросын эмч нарын баг нь туршлага солилцох хэлэлцээрийн хүрээнд Монголд очиж байгаа хоёрдахь нь юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Красноярскийн хязгаарын нэгдсэн эмнэлгийн эмч нар мөн тус эмнэлэгт амжилттай сургалтад суусан юм.