2025 оноос Байгаль нуур дээр орчин үеийн шинжилгээ-судалгааны хөлөг ажиллаж эхэлнэ
Эрхүү мужид шинжилгээ-судалгааны "Викентий Зайцев" хөлөг онгоцыг усанд тавих ёслолын ажиллагаа боллоо.
Хөлгийг Бүх Оросын загасны аж ахуй, далай судлалын шинжилгээ-судалгааны хүрээлэн (ВНИРО)-гийн захиалгаар “Байгаль нуурыг хамгаалах” Холбооны төслийн хүрээнд тус нуур дээр ажиллуулахаар барьж босгожээ. Омуль загасны нөөцийг сэргээхэд туслах нь уг хөлгийн гол зорилго юм.
Тус арга хэмжээнд Оросын Загас агнуурын албаны дарга Илья Шестаков, Бүх Оросын загасны аж ахуй, далай судлалын шинжилгээ-судалгааны хүрээлэнгийн захирал Кирилл Колончин, Приангарье амбан захирагчийн нэгдүгээр орлогч Роман Колесов болон бүс нутгийн засгийн газрын бусад төлөөлөгчид, Төрийн Думын депутат Мария Василькова, Онежскийн хөлөг онгоц барих, засвар үйлчилгээний завод, Белогородын хөлөг онгоц барилга засварын газар, Буриад улсын байгалийн нөөц, экологийн сайд Наталья Тумуреева нар оролцов.
Хөлөг онгоц Байгаль нуур дээр иж бүрэн судалгаа явуулж, экологийн байдлыг нь урьдчилж оновчтой таамаглах боломжийг олгоно гэж Илья Шестаков цохон хэлэв. Тэрээр омуль загасыг хамгаалах чиглэлд хийсэн ажил, үржилд зориулж жижиг загасны гарцыг нэмэгдүүлэх төлөвлөгөөний талаар дурьдсан байна.
"Викентий Зайцев" хөлөг онгоц “Байгаль нуурыг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд Байгаль нуур даяар судалгааны ажил явуулах боломжийг ВНИРО-гийн эрдэмтэн судлаачдад олгоно. Хөлөг 2025 онд ажлаа эхлэхээр төлөвлөж байна. Эрдэм судалгааны ажил явуулах эх орны хийцийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэ хөлөг нуурын унаган төрхийг хадгалахад тус дөхөм үзүүлэх юм.
Эрхүү мужийн засгийн газар Байгаль нуурын экологи, биологийн олон янз байдлыг хадгалахад онцгой анхаарал хандуулна гэж мужийн Роман Колесов ярив.
- Эрдэмтэд ийм орчин үеийн, хэрэгцээт техникээр хангагдаж байгаа нь эргэлзээгүй, чухал үйл явдал. Энэ бол ажлын өөр нөхцөл бөгөөд судалгааны боломж нэмэгдэж байгаа хэрэг юм, - гэж тэр хэллээ.
Хөлгийг, Бүх Холбоотын загасны аж ахуй, далай судлалын шинжилгээ судалгааны хүрээлэнг 1956-1962 онд удирдаж байсан эрдэмтэн Викентий Петрович Зайцевын нэрээр нэрлэсэн юм байна. Энэ хөлөг дээр загас болон усны шинжилгээ судалгаанд шаардлагатай бүх тоног төхөөрөмж, мөн шуурхай шинжилгээний лаборатори бий.