Орос, Хятад, Монгол: Гурван соёлын уулзвар: Өвөр Байгальд “Шинэ хязгаарууд” гадаад эдийн засгийн форум эхлэв»
Чита хотноо «Шинэ хязгаарууд-2024» форум эхлэв.
Тус форум нь “Дорнын эдийн засгийн чуулган”-ы хүрээний арга хэмжээ бөгөөд Өвөр Байгалийн хязгаарын захирагч Александр Осиповын дэмжлэгтэй болж байна. Хоёр өдрийн ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд Орос, Монгол, Хятад болон бусад улсын орчин цагийн олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн зарчмууд, Өвөр Байгалийн газар зүйн өвөрмөц онцлогийн ашиглалт ба харилцан ашигтай хамтын ажиллагаанд зориулж Алс Дорнодын бүс нутгийн хамтын ажиллагааны туршлагыг хуримтлуулах нь, аялал жуулчлалын хөгжил ба хөрөнгө оруулалт татах нь, хөгжлөөр тэргүүлэгч олон улсын дэвсгэр нутгууд болон бусад сэдвийг оролцогчдоор хэлэлцүүлнэ.
«Өвөр Байгалийн нутаг бол Орос, Монгол, Хятад гурван соёлын уулзварт байрладаг. Манай орнуудын харилцаа хөгжсөөр байна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин түүхэн ач холбогдолтой төрийн айлчлалыг БНХАУ-д хэрэгжүүлж, урьд байгаагүй олон тооны гэрээ хэлэлцээр байгуулав. Орос, Хятадын харилцаа стратегийн түншлэл хэмээх тодорхойлолт бүхий өндөр түвшинд хүрэхийн хамт эдийн засаг, хүмүүнлэгийн холбоо харилцаа эрчимтэй хөгжиж байгааг тэрээр тэмдэглэв.
Энэ бүхэн Өвөр Байгалийн хязгаарын эдийн засагт, мөн хөршүүдтэйгээ харилцах манай хамтын ажиллагаанд тусгалаа олдог. Энэ өдрүүд, энэ цаг мөчийг ашиглаж бид аль болох олон хүнтэй харилцаж, манай улс, ард түмнүүд, эдийн засгийн өсөлт хөгжлийн төлөө, нөөц боломжуудыг тэлж өргөжүүлж, соёл, спортын салбарт дэвжин дээшлэхийн төлөө Орос, Монгол, Хятадын эдийн засгийн цаашдын хөгжлийн төлөвлөгөөг гаргахыг зорьж байна”, - гэж Хязгаарын захирагч ярив.
Тэрээр мөн, таван жилийн эцэст Өвөр Байгалийн хязгаарын эдийн засаг өсөлтийн хурдцаараа долоодугаар байрт, хөрөнгө оруулалт татсан үзүүлэлтээрээ есдүгээр байрт явааг тэмдэглэлээ. Хятад руу гаргасан экспортын хэмжээ гэхэд өнгөрсөн онд 35 хувиар нэмэгджээ.
Ажил хэргийн хөтөлбөрөөс гадна, форумын үеэр хэд хэдэн уран бүтээлийн талбар ажиллаж байна. Форумд нэртэй зураач, гар урчууд, бүс нутгийн үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдээс бүрдсэн туршлагатай бөгөөд эхлэн суралцагчид, бас уран бүтээлийн баг хамтлагууд өөрсдийн өвөрмөц содон бүтээлүүдээс толилуулж байна. Зочид эндээс Өвөр Байгалийн янз бүрийн районы урчуудын хийсэн бэлэг дурсгал, бусад бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.
Ийм нэг ховор содон талбарын нэг нь Жигжид Баясхалановын «Цайны замын мөрөөр» нэртэй үзэсгэлэн юм. Зэвсэг урлаач тэрээр зочид гийчдэд зориулж 30 шахам бүтээлээ дэлгэн тавьжээ. Бүсийн захирагч түүний үзэсгэлэнг үзэж сонирхов.
«Бид энд манай уламжлалт хутга болон өөрсдийн зохиомжилсон цуглуулгуудыг авчирлаа. Буриадйн ард түмний сэдэв, сэтгэл зүрх, соёлын тусгал болсон эдгээр бүтээл гоо зүйг мөн илтгэнэ. “Усны дэргэд” хэмээх манай нэг баримлыг бид форумын талбайн гол үүдний дэргэд байрлуулсан бөгөөд энэ форумыг оролцогч нэг бүрийг онгод урмаар тэтгэх эх ундарга хэмээн харуулахыг зорьсон юм”, - гэж Жигжид Баягхаланов ярив.
Өвөр Байгалийн шавар эдлэл урлаач Валентина Мировая бас энд, уран бүтээлүүдээ дэлгэжээ. Тэрээр өвөр байгальчуудын сайшаалыг хүртсэн өөрийн нэрийн шавар эдлэл, сав суулга, бэлэг дурсгалын хонхнууд, «Император» болон «Тэнгис» хэмээх сав суулганы цувралаа танилцуулахаар авчирсан байна.
Петровск-Забайкальский хотын захиргааны соёл, спортын хорооны дарга Наталья Горбушинагийн удирдсан уран бүтээлчид мөн зочдод ая дуугаа өргөв. «Өвөр Байгалийн аялал жуулчлалын газрууд» нэртэй үзэсгэлэн энэхүү форумын нэг чимэг болж байв. Энэ үзэсгэлэнгийн ачаар зочид тус хязгаарын байгалийн үзэсгэлэнт сайхан газруудтай танилцах боломжтой болсон юм.