Монголоос үлэг гүрвэлийн шинэ төрөл илрүүлжээ
Троодонтид хэмээх төрлийн үлэг гүрвэлийг энд өгүүлж байна.
Төдийлөн том биетэй биш махчин, шувуу төст хэлбэрийн үлэг гүрвэлийн шинэ төрөл нь Монголоос олджээ. Монголын академич, Оросын шинжлэх ухааны академийн гадаад сурвалжлагч гишүүн Ринченгийн Барсболд энэ тухай мэдээллээ.
"Монголоос олдсон шинэ төрлийн үлэг гүрвэл нь троодонтид буюу шувуу төст үлэг гүрвэлийн бүлд хамаарах бөгөөд жижгэвтэр биетэй, тайван төрлийн махчин амьтан байсан болов уу. Түүний чадмаг бус хөлний давуу тал юунд байсныг хэлэхэд бэрх. Ямартай ч энэ троондонтид түрэмгий, бас сайтар зэвсэглэсэн дромеозаврид (гол төлөв жижиг махчин, хонгот үлэг гүрвэлийн бүл) болж харагдах нь эргэлзээтэй, - гэж палеонтологийн профессор таамаглав. Мөн троондонтидуудын хумс зэвсэг болох чадвар сул гэж тэр үзэж байна.
Мөн академичийн хэлснээр, троодонтид хэмээх овгийн нэр гарч ирсэн цагаас л шувуу төст энэ бүлэг үлэг гүрвэлийн үлдэгдэл нь хангалттай хадгалагдаагүйгээс морфологийн хувьд ойлгомж муутай, будлиантай байж иржээ. "Бүлгийн бүрэлдэхүүн тодорхойгүй, холбоо хамаарал нь бүр бүрхэг байсан. Маш дутуу дулимаг анхны олдворууд Монголд дээд цэрдийн галавын сүүлийн хагасын үлдэгдлүүдээс судлагдсан. Ихэвчлэн өвөрмөц шинжтэй хөл нь хадгалагдсан байдаг. Монголын жижиг махчин үлэг гүрвэлийн олдворуудаас харахад велокирапторуудын хөлний хоёр дахь нь хурууных нь хумс урагш түрж том ургасан, эвэрлэг бүрхүүл тогтсоныг харуулсан бөгөөд энэ нь чулуужсан байдалд хадгалагдаагүй байна" гэж Ринченгийн Барсболд тэмдэглэв.
Бусад үлэг гүрвэлтэй харьцуулалт
Махчин үлэг гүрвэлийн хөлийн ийм сарвуу, америкийн эрдэмтэн Генри Осборны Хойд Америкийн доод цэрдийн хурдсаас илрүүлсэн дромеозаврид төрлийн эхний гурван үлэг гүрвэлээс илэрч байсныг академич сануулж байна.
“Энэ нээлт үлэг гүрвэлүүдийн судалгаанд, ялангуяа махчин төрлийхний судалгаанд нөлөөлсөн юм. Монголоос тэдгээрийн олон дээж олдсон байдаг. “Тэмцэлдэж байгаад үрэгдсэн хоёр үлэг гүрвэлийн” нэг велоцираптор сайн хадгалагдсан төдийгүй, уг махчин хоёрдахь хурууны махир хумс бүхий хөлийн “зэвсгээ” хэрхэн ашигладаг байсныг бодитоор харуулсан юм”, - гэж палеонтологч тэмдэглэв.
Түүний мэдээлснээр, ийм зэвсэгтэйгээр махчин үлэг гүрвэлийн халдан довтлох, хамгаалах аргуудыг бодитоор харуулж чадсаны зэрэгцээ Осборны дүгнэлтүүдийг малтлага хэлбэрээр бүрэн нотолсноороо энэ нь нэн ховор тохиолдол юм. Мөн үлэг гүрвэлүүдийн талаар бусад, аль нэг талаараа ойр төстэй, тэр тусмаа бүрэн бүтэн хадгалагдаагүй үлэг гүрвэлүүдтэй харьцуулалгүй ярих нь утга муутай гэж энэ монгол эрдэмтэн нэмж дурьдав.
Эрдэмтдийн таамаг
Дромеозавридыг ялгаруулдаг аарцаг, сүүлний онцлог шинжүүдийг илтгэдэг бусад шинжүүд троодонтидуудад бүрэн тодорхой бус байдаг гэдгийг академич тодотгов. Гэхдээ энэ шинж чанарыг хоёр төрөл хоорондоо холбоотой байж болзошгүйг илтгэж байгаа хэрэг хэмээн авч үздэг. Дромеозаврид нь бараг 3 метр өндөр байсан бол, велоцирапторууд - 1,7 метрээс хэтэрдэггүй. Троодонтиды мөн адил.
Дромеозавридууд шувуудтай нэлээд ойролцоо байрладаг. Олон судлаачдын үзэж байгаагаар, троодонтидууд одоогоор дромеозавридтай ойролцоо. Энэ хэр үнэний хувьтай нь ирээдүйд, тэдний араг ясны бүрэн бүтэн олдворууд олдох үед харагдана.
"Юрийн галавын цэцэрлэг” киноны зөвлөх
Ринченгийн Барсболд бол - палеонтологийн салбарт 60 жилийг зориулж, шинжлэх ухаанд анх удаа 20 орчим төрлийн үлэг гүрвэлийг тодорхойлсон дэлхийд нэртэй эрдэмтэн юм. Буриадын Бүгд найрамдах улсаас гаралтай, монголын эрдэмтэн, зохиолч Бямбын Ринчений хүү. Академич өөрийн олдворуудын нэгийг эцгийнхээ нэрээр нэрлэсэн байдаг.
Ринченгийн Барсболд өөрийн эцгийн адилаар ЗХУ-д дээд боловсрол эзэмшиж, 1959 онд Москвагийн геологи хайгуулын дээд сургуулийг төгсжээ. Дэд эрдэмтний болон докторын зэргээ тэрээр Зөвлөлт Холбоот улсад хамгаалсан юм.
Тэрээр 1969 оноос Монголд Төв Азийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй палеонтологийн иж бүрэн судалгаанууд хийж байсан монгол-зөвлөлтийн палеонтологийн экспедицүүдийн монголын хэсгийн даргаар ажиллаж байв. Түүний ачаар Монгол улс дэлхийд олон төрөл янз болоод хадгалалтын чанараараа гайхагдсан үлэг гүрвэлийн ховор цуглуулгатай болжээ. 1983 онд Ринченгийн Барсболд яст мэлхий-тероподуудаас өнөөгийн шувууд үүссэн гэдэг шинэ онол дэвшүүлсэн юм.
Оросын ШУА-ийн гишүүн, мөн Азийн үлэг гүрвэл судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Барсболд нь Стивен Спилбергийн “Юрийн галавын цэцэрлэг” киноны зөвлөхөөр ажилласан юм.
В сюжете: Монголиядинозаврыархеология