«Бурятия» компани 2028 он гэхэд Байгаль нуурын өмнөдөд аялал жуулчлалын орчин үеийн цогцолбор байгуулна
2028 он гэхэд “Снежная” голын аманд зочид буудлууд, СПА-бүс, зочдын вилла байрууд болон үзэмжит орчин дахь зоогийн газрууд бий болно.
Алс Дорнод ба Хойд туйлын хөгжлийн корпорац (КРДВ) нь “Өмнөд Байгаль” компанитай гэрээ байгуулжээ. Тус компани нь хөгжлийн тэргүүлэх нутаг дэвсгэрийн эрх эзэмшигчийн хувьд Выдрино тосгоны ойролцоо Байгаль нуурын эрэг дээр аялал жуулчлалын кластер байгуулна. Зочлох үйлчилгээний шинэ байгууламжийг барих бүх ажлыг дөрвөн жилийн хугацаанд үе шаттайгаар дуусгах бөгөөд эхний зочдыг 2026 оны тавдугаар сард хүлээн авч эхлэхээр төлөвлөж байна.
2028 он гэхэд Снежная голын аман дахь Байгаль нуурын эрэг орчмын 8 га гаруй талбай бүхий бүсэд зочид буудал, амралтын газрууд, зочны тусдаа вилла, орчны харууц бүхий зоогийн газар баригдана. Зочид буудлын хүчин чадал нь 220 хүртэл тооны хүн нэг дор хүлээн авах 60 өрөөтэй байна. Мөн төслийн хүрээнд эрэг хамгаалах ажлууд хийгдэж, улмаар зогсоол, усан онгоц болон нисэх онгоцны буудал, усанд сэлэх хэрэгслүүдийн агуулах барихаар тусгажээ.
Выдрино тосгоны ойролцоох газрыг кластер барьж байгуулах газраар сонгож авсан нь санаандгүй явдал байгаагүй гэдгийг хөрөнгө оруулагч- компанийн ерөнхий захирал Татьяна Голубева тодотгож байв.
“Байгаль нуурын өмнөд эрэг нь Буриадын иргэд, оршин суугчид төдийгүй Сибирь, тэр дундаа Эрхүү муж, Красноярскийн хязгаараас очдог зочдын хамгийн дуртай амралтын газар юм. ОХУ-ын баруун бүс нутгуудаас ч бас аялагч жуулчид эндэхийг зорин ирж ахин давтагдашгүй мэдрэмж сэтгэгдэл авдаг. Манай төсөл жуулчдын урсгалыг оновчтой болгох, тухайн нутаг дэвсгэрийн эмзэг хэврэг экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн юм. Хөгжлийн тэргүүлэх нутаг дэвсгэрийн эрх эзэмшигчийн хувьд “Бурятия” компанид олгогдсон хөнгөлөлтүүд, холбооны болон бүс нутгийн засаг захиргаанаас үзүүлж байгаа дэд бүтцийн дэмжлэгийн ачаар бид дөрвөн улирлын үйл ажиллагаатай орчин үеийн амралтын газрыг бий болгоно гэж найдаж байна. Бид эко аялал жуулчлалыг гол эрхэмлэхээр төлөвлөж байна" гэж Татьяна Голубева тэмдэглэсний зэрэгцээ, кластерийн дэвсгэр газарт явганаар, унадаг дугуй эсвэл цахилгаан машинаар зорчих боломжтой байх болно гэдгийг нэмж дурьдав.
«Южный Байкал» цогцолбор нь бүх насны аялагч жуулчид, тэр дундаа Байгаль нуурын усан аялагчдыг хүлээж авахаас гадна, орон нутгийн иргэд амарч, ажиллах боломжийг хангана. Энэ төслийн хүрээнд мөн шинэ ажлын байрууд бий болгохоор төлөвлөжээ. “Алс Дорнод болон Хойд туйлын хөгжлийн корпорацийн хөрөнгө оруулалтын хэлтсийн орлогч дарга Мария Бадамцыреновагийн ярьснаар, өнгөрсөн онд Алс Дорнод 6 сая гаруй жуулчин хүлээн авч, 7 жуулчны нэг нь Буриадын бүгд найрамдах улсад зорчжээ.
«Алс Дорнодыг чиглэсэн аялал жуулчлалын урсгал ихсэхэд давуу эрхийн горимыг эзэмшигч нэг бүрт төрөөс олгож байгаа дэмжлэгийн арга хэмжээ тус дөхөм болж байна. Аялал жуулчлалын салбарт өнөөдрийн байдлаар нийт 200 тэрбум гаруй рублийн өртөгтэй 280 гаруй төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслийн эдийн засгийн үр өгөөжийг татварын хөнгөлөлтүүд болон засаг захиргааны давуу эрх нэмэгдүүлдэг. Хөрөнгө оруулагч орчин үеийн СПА-төвүүд бүхий тансаг зэрэглэлийн зочид буудлууд, жижиг амралтын газрууд барьж, харин соёл иргэншлээс зайдуу амрах хүсэлтэй хүмүүст зориулж глэмпинг, шинэ маршрутууд бий болгож байна.
Тээврийн дэд бүтэц хөгжсөнөөр Алс Дорнод, Хойд туйлын бүс нутаг манай улс болон хөрш зэргэлдээ орнуудын аялагчдад ойртож, хүртээмжтэй болж байна. Нэг цонхны үйлчилгээгээр бид бизнесийнхэнд тусалж, төсөл нэг бүрийг цаасан дээрх санаанаас бодит ажил хэрэг болж хэрэгжих хүртэл нь дагаж ажилладаг” гэж Мария Бадмацыренова ярив.
Буриадын бүгд найрамдах улсын Аялал жуулчлалын сайд Алдар Доржиев сүүлийн жилүүдэд тус бүс нутагт нь жуулчдын урсгал тогтмол өсөж, Байгаль нуурын эрэгт богино хугацаанд угсран босгодог түр буудлууд нэмэгдэж байгааг тэмдэглэв.
“Манай бүс нутагт ирэх жуулчдын тоо нэмэгдсэнээр жуулчлалын гол цэгүүдийн дэд бүтцийн хөгжил сайжрахад тус дөхөм болж байна. Байгаль нуурын нутаг дэвсгэрт шинэ хөрөнгө оруулагчдыг татах хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид Алс Дорнод, Хойд туйлын хөгжлийн корпорацийн нөхөдтэй хамтран Выдрино тосгоны нутаг дэвсгэрийн нэг хэсгийг хөгжүүлэх концепцийг боловсруулсан. Энэ хүрээнд таун хаусууд, зуслангийн байрууд, аялал жуулчлалын дэд бүтэц бий болох ёстой юм.