БНХАУ-ын аяллын компаниуд Тува дахь Дус-Холь нуурын нөөц боломжийг сонирхов
Дус-Холь нуур дээр эрүүл мэндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломжийг Хятадын аялал жуулчлал эрхлэгчид сонирхож байна.
Енисейн Сибирийн хөгжлийн Корпораци энэ тухай мэдээлэв. Бээжинд болсон хятадын хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтад аялал жуулчлал болон зочид буудлын салбарын хөрөнгө оруулалтын саналуудыг танилцуулжээ. Хятадын ажил хэргийн хүрээнийхэнтэй бүс нутгийн ажил хэрэг, түншлэлийн харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт биечилсэн болон цахим хосолмол хэлбэрээр явагджээ.
Тус арга хэмжээнд Енисейн Сибирийн бүс нутгуудын аялал жуулчлалын салбарын гүйцэтгэх засаглалын байгууллагуудын төлөөлөгчид, Енисейн Сибирийн хөгжлийн Корпораци, мөн Сибирь болон Хятадын аялал жуулчлалын бизнесийн төлөөлөгчид, боломжит хөрөнгө оруулагчид нийлсэн салбарын нийт 40 гаруй компанийн төлөөлөл оролцжээ. Дус-Холь нууран дээрх эрүүл мэнд-аялал жуулчлалын цогцолборын төсөлд амралт-сувиллын корпусууд, усан болон шавар эмчилгээний тасгууд, эмчилгээ болон гоо сайхны кабинетууд барих болон шинэчлэхээр тусгажээ.
Хөрөнгө оруулалтын хэмжээг 863,6 сая рубль, орлого нь жилд 282,5 рубль байна гэж тооцоолжээ.
Эрүүл мэнд-аялал жуулчлалын цогцолбороос гадна Дус-Холь нууран дээр Хакаст дөрвөн улирлын ажиллагаатай "Поднебесье" аялал жуулчлалын төв, Красноярын хязгаарт болон бусад газарт глэмпинг хэлбэрийн жуулчны бааз барихаар төлөвлөжээ.
Хятадын хөрөнгө оруулагчдад дээрх төслүүдийг хэрэгжүүлж болох газар болон үзүүлэх дэмжлэгийн талаар мөн ярьсан байна. БНХАУ-ын бизнес эрхлэгчид зочид буудлууд болон глэмпингүүд барих аль аль төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Үүнээс гадна Енисейн Сибирийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын нөөц боломжийг танилцуулав. Хятадын талаас БНХАУ-ын аялал жуулчлал эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулжээ.
Мөн бизнесийн бүлгүүдийн хоорондын уулзалтуудыг асуулт-хариулт хэлбэрээр зохион байгуулсан байна. Цаашдаа хөрөнгө оруулалтын төслүүдийг нэгбүрчилж хэлэлцэх уулзалтууд зохиохоор шийдвэрлэжээ.