Буриадад хурсан Цагаан дарь эхийн уншлага мөргөлд 2 мянган хүн очжээ
Буриадад чуулж буй Олон улсын бурхны шашны II форумын хүрээнд наймдугаар сарын 4-нд Оросын Бурхны шашны уламжлалын төвөөс зохион байгуулсан Цагаан дарь эхийн залбирал ном хуржээ.
Сургаал ном хурахад 2000 орчим хүн очсон бол, нийтэд хүртээлтэй байх үүднээс Форумын албан хуудсаар болон нийгмийн сүлжээгээр шууд дамжуулан түгээжээ.
- Цагаан дарь эх нь урт нас хайрладаг бурхан юм. Уншлага залбирал, ёслолын зан үйл нь амьдралыг уртасгах эсвэл үүссэн бэрхшээлийг даван туулах аргуудын тухайд байдаг. Одоо манайд цэргийн тусгай ажиллагаа явагдаж, ард зоны сэтгэл үймэрсэн байна. Тиймээс хүмүүсийг илүү итгэлтэй, сэтгэл түвшин байлгах үүднээс бид ийм хэд хэдэн аргыг айлдахыг бодсон юм” гэж “Даши Чойнхорлин” Буддын их сургуулийн захирал, буддын гүн ухааны доктор, гэвш лам Дэмбэрэл Дашибалданов хэллээ.
Буддын шашинд Цагаан Дарь эх нь хамаг бурхдын хайр нигүүлслийн төлөөлөл болдог. Тэр 7 мэлмийтэй: зургаан мэлмий нь орчлонгийн 6 ертөнцийг хардаг - 3 сайн, 3 сайн бус ертөнцийг хардаг, долоо дахь нүдээрээ бүр цааш хардаг. Түүнтэй харилцах замаар амьд оршихуй бурхан Буддаг эгээрдэг.
Сургаал номын төгсгөлд урт насны авшиг олгох “Цэдо” хэмээх ёслол үйлдэв. Үүний дараа Цагаан Дарь эхийн мандлыг арилгах бөгөөд ингэснээр оршихуйн мөнх бус, эгшин зуурын шинж чанарыг бэлэгддэг. Мандалыг хийсэн элсийг сургаалд оролцсон бүх хүмүүст сахиус болгон тараадаг.
Буриад улсын тэргүүний орлогч ба Буриад улсын Засгийн газрын мэдээллийн бодлого, олон нийттэй харилцах, олон нийтийн төсөл хариуцсан орлогч дарга Ирина Доржиева бурхны шашныг ухамсарлах арга замуудыг таньж мэдэхэд тусалж бодит ач тусыг нь хүртдэг энэ сургаалын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
-Өнөөдөр олон улсын буддын шашны II чуулга уулзалт эхэллээ. Бид янз бүрийн орноос олон тооны зочдыг хүлээж байна. Буддагийн сургаалд ухамсартайгаар хандах үүднээс энэхүү арга хэмжээг сүсэгтнүүдэд зориулан зохион байгуулсан” гэж Ирина Нимажаповна тэмдэглэв.
Буддын шашны олон улсын II фopyм «Уламжлалт бyддизм ба өнөө цагийн сорилтууд» наймдугаар сарын 12-ноос 14-ны хооронд Улаан-Үд хотод болно. Тус форум нь Орос дахь буддын шашинтнуудын нийгэмлэгийн тэргүүн Бандид Хамба Ламын хүрээлэн байгуулагдсаны 260 жилийн ойн босгон дээр болж байгаа юм.
Олон улсын II форумын зорилго нь буддизмын хөгжлийн олон талт асуудлууд, буддын соёл, философи болон практик асуудлуудыг хэлэлцэх явдал юм. Энэ форумаар Орос болон бусад орны буддын шашны, эрдэм шинжилгээний, боловсролын болон эрүүл мэндийн байгууллагуудын хоорондох буддын боловсрол, мэдлэг, уламжлалт практикийн салбар дахь эрдэм судлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.