ЕАЭЗХ болон Монгол улс ирэх 12 дугаар сард чөлөөт худалдааны тухай түр хэлэлцээрт нэгдэж магадгүй
ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын засгийн газар хоорондын комиссын хамтран даргалагч Александр Козлов талуудыг харилцаагаа бэхжүүлэх, түүний дотор бараа эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа талаар мэдээлэв.
ЕАЭЗХ болон Монгол улс чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлыг боловсруулсан бөгөөд ирэх 12 дугаар сард гарын үсэг зурахаар төлөвлөж байна. ОХУ-ын байгаль орчны сайд, Орос, Монголын засгийн газар хоорондын комиссын хамтран даргалагч Александр Козлов Монгол улсын ерөнхий сайд Лувсаннамсрайн Оуюн-Эрдэнэтэй хийсэн хэлэлцээний төгсгөлд энэ тухай мэдээллээ.
Хоёр талын төлөөлөгчдийн уулзалт Улаанбаатарт болсон юм. ОХУ болон Монгол улс харилцаагаа бэхжүүлэх, түүний дотор бараа эргэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Козлов тэмдэглэснийг asiarussia.ru эх сурвалжид тулгуурлан уламжлав.
"Тухайлбал, оросын зах зээлд монголын экспортын уламжлалт бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ЕАЭЗХ болон Монгол улс хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлыг боловсруулсан. Тус хэлэлцээрийг энэ оны 12 дугаар сард Евразийн Эзийн засгийн дээд зөвлөлийн хуралдаан дээр гарын үсэг зурж батлахаар төлөвлөж байна" гэж сайд тэмдэглэн хэлэв.
Тэрээр мөн, Орос-Монгол-Хятад гэсэн эдийн засгийн коридор байгуулах төслөөр зөвшилцөх ажил явагдаж байгааг нэмж дурьдав. “Товчхондоо, энэ нь гурван улсын хоорондох боомт, төмөр замуудыг холбоно гэсэн үг юм ", - гэж тэр хэлэв.
Козловын ярьснаар, Орос, Монголын хоорондох бараа эргэлт энэ оны эхнээс хойш өнгөрсөн 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 21 хувиар өсжээ. "Орос улс Монгол руу эрдэс бүтээгдэхүүн, хүнсний бараа, химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслүүд экспортолж байна. Харин импорт үндсэндээ, флюоритийн нийлүүлэлтээс бүрдэж байна, - гэж сайд тодотгов.
Түүнээс гадна оросын Байгалийн нөөцийн сайд хоёр улсын хамтын ажиллагааны чухал чиглэл нь хөрс ашиглалт болж байгааг цохон тэмдэглэлээ. “Тухайлбал, одоо хил орчмын зурваст хамтран эзэмших хэтийн төлөв бүхий объектуудын жагсаалт гарч байна. Оросын талаас энэ нь үнэт металл, өнгөт болон хар металлууд, нүүрс, флюоритийн ордууд юм", - гэж тэр тэмдэглэв.