БНАСАУ нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлээ өргөжүүлнэ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг инженерүүдэд уриалжээ.
БНАСАУ-ын батлан хамгаалах Академийн ЭШХ нисгэгчгүй онгоцуудын туршилт явуулжээ. Туршилтыг Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун удирдан явуулсан байна. Тэрээр төрөл бүрийн нисгэгчгүй онгоцуудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг тушаасан тухай Умардын цахилгаан мэдээний төв агентлаг дамжууллаа.
Туршилт энэ сарын 24-ний өдөр явагдсан байна. Ким Жон Уныг Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны удирдлага дагалдан явжээ. БНАСАУ-ын удирдагч “далайд болон хуурай газарт дайсны объектуудад довтлох зориулалт”-аар хийгдэж байгаа нисэгчгүй онгоцуудын төрлүүдтэй танилцсан байна. Ким Жон Ун нисгэгчгүй онгоцуудын тактик-техникийн тодорхойлолтуудад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж дронуудыг зэвсэглэлд хурдан нэвтрүүлэхийн тулд байлдааны туршилтын эрч далайцыг ихэсгэхийг даалгажээ.
«Тактикийн явган цэрэг болон тусгай хүчний анги салбаруудад ашиглах боломжтой төрөл бүрийн камиказе дронуудыг илүү олноор хөгжүүлж үйлдвэрлэх шаардлагатай... Цөмийн торпед болон дайралтын зориулалттай төрөл бүрийн камиказе дронууд зэрэг усан дорхи стратегийн зэвсэглэлийг байнга хөгжүүлж, мөн энэ салбарт хиймэл оюун ухааныг идэвхтэй нэвтрүүлэх чиглэлд урагш ахиц гаргах шаардлагатай»,— гэж БНАСАУ-ын удирдагч мэдэгджээ.
БНСУ-тай үалгаа хил дээр байршуулах, тус бүр нь дөрвөн пуужин бүхий тактикийн баллистик пуужин харвагч 250 ширхэг төхөөрөмжийг нэгэн зэрэг зэвсэглэлд шилжүүлэх ёслолын ажиллагаа энэ сарын эхээр Пхеньянд болжээ. Тэдгээр пуужинг цөмийн цэнэгт хошуутай хэмээн мэдээлж байна. Гэхдээ ийм олон тооны цөмийн цэнэгт хошуу Умард Солонгост одоогоор байхгүй боловч энэ нь Солонгосын хойгт түгшүүрт байдал даамжирч байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.