Тува дахь буддизмын түүхийн ховор дурсгалууд олдов
Тува улсын Төв архивын сан хөмрөгт судалгааны ажлыг явуулжээ.
Тува улсын XX зууны эхний гучин жилийн түүхэнд хамаарал бүхий төр шашны түүхийн холбогдол бүхий ховор сонин баримтуудыг Алтайн улсын их сургуулийн (АлтГУ) үндэсний болон төр-шашны харилцаа, Оросын бүс нутгуудын судалгааны тэнхимийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Татьяна Недзелюк нээн олжээ.
Алтайн улсын их сургуулиас мэдээлснээс үзвэл, судалгааны ажлыг Тува улсын төв архивын сан хөмрөгт явуулсан байна. Харин судалгааны зорилго нь Тува улсын төр-шашны бодлого зохицуулалтыг нээж харуулах архивын баримтуудыг судлах байв.
Өнгөрсөн зууны эхээр тус бүс нутаг засаг төр тогтворгүй амаргүй цаг үеийг туулжээ. ХХ зууны эхэн үед Тува нь Чин гүрний бүрэлдэхүүнээс гарч Оросын харьяанд дагаар оров. Удалгүй хувьсгал гарав. Энэ үед буддист лам ноёд болон иргэний засаг төр баригчдын хооронд харилцаа нэн бэрхшээлтэй байлаа.
Татьяна Недзелюкийн олсон “Улаан армийнхан Тувад ирсэн нь, Тувад буддизмын тухай шинэ хууль тогтоосон нь” хэмээх баримтууд тухайлбал, энэ тухай байв. Эдгээр нь 1918-1921 оны үеийн баримтууд юм.
Түүнээс гадна архивын сан хөмрөгөөс “Хамба лам ЛувсанжамцыгХэмчиг хоёр хошууны захирагчид томилуулах өргөдөл хэлбэр бүхий оросын худалдаачдын тогтоол. Хамба ламаас Урианхайн хязгаарыг хариуцсан комиссар, Урианхайн хязгаарын захирагч бөгөөд хошууны байдлын талаарх хилийн хэрэг эрхлэгчтэй харилцсан захидал бичиг, 1914-1919 он” хэмээх ховор баримт олджээ.
"1919 оны 6 дугаар сарын 13-нд Александр Колчак Оросын засгийн газрын нэрийн өмнөөс Тувагийн Бандида Хамба ламын хүрээг байгуулсан нь сибирийн буддистуудын автономит засаг захиргааны бүтэц бий болох эхлэлийг тавьжээ, - гэж Татьяна Недзелюк тайлбарлав.
Анхны Бандид ламаар (адмирал Колчакийн тушаалаар) Дээд Чадааны хүрээний тэргүүн, гэвш Лобсан Чамзыг томилов. Шашны энэхүү удирдагч нь Урианхайн хязгаарыг Оросын харьяанд орох үйл явдлыг гол санаачлагч байв. Бандида ламын албан тушаалыг бий болгосон нь Тува улсыг Оросыг бүрэлдэхүүнд сайн дураар нэгдэх замд чухал алхам болсон юм".
Архивуудад өөр ч сонирхолтой баримтууд хадгалагдан үлдсэний дотор 1918 онд тус хязгаарт Зөвлөлт засгийг түлхэн унагасантай холбогдуулж Урианхайн иргэдэд гаргасан уриалга, 1919 онд Урианхайн хязгаарын дээдсийн хэрэг эрхлэгчээс “Урианхайн хязгаарын шашны удирдлагын тухай” асуудлаар Хамба ламтай зөвлөлдсөн зөвлөгөөний протоколууд, мөн 1919 онд Бандида лам Лувсанжамц Урианхайн хязгаарын хэрэг эрхэлсэн комиссарын нарийн бичгийн дарга Самойловыг дагалдуулан Урианхайн хязгаар дахь ажил хэргийн холбоотой асуудлуудыг шийдвэрлэх зорилготой зорчсон тухай баримтууд зэрэг өөр сонирхолтой бичиг баримтууд мөн олджээ.
"Эндээс олж авсан мэдээ баримтуудыг төр-шашны харилцаан дахь түүхэн туршлагыг судлах, мөн XIX-ХХ зууны эхний хагаст Сибирийн нутаг дахь шашны нөхцөл байдлын өсөлт бууралтыг судлах гэсэн тэтгэлэг авсан сэдвийн хүрээндээ ашиглах болно", - гэж Алтайн улсын их сургуулийн мэдээлэлд дурьджээ.