Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Малайзийн ерөнхий сайд Улаан-Үдийн нисдэг тэрэг үзжээ
Дорнын эдийн засгийн чуулганы бүх өдрүүдийн туршид ажилласан “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнгийн үеэр дотоод, гадаадын төлөөлөгчид, нэртэй зүтгэлтнүүд Буриадын үзмэрийн талбарт зочлов.
Есдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулган үргэлжлэх хугацаанд «Алс Дорнодын гудамж» нэртэй үзэсгэлэн дэх Буриадын үзвэрийн талбайд гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, нэр алдартнууд зочилсон юм. Малайзиин ерөнхий сайд Анвар Ибрагим бүх павильон дундаас зөвхөн, арга хэмжээг зохион байгуулагч Приморын хязгаарын Дорнын хөгжлийн яамны талбар болон Буриадын павильонд зочлов.
Эрхэм зочныг «Байгаль» болон «Забава» чуулгууд үндэсний бүжиг, казакуудын мэндчилгээ дуугаа дуулж угтав. Дорнын анагаах ухааны талбайд Буриадын тэргүүн Алексей Цыденов Малайзийн ерөнхий сайдад дэлхийд хоёрхон хувь үлдсэнээс Буриад болон Төвөдөд ганц хувь хадгалагддаг Төвөдийн анагаах ухааны Атлас номын ховор дурсгалт хувилбарыг үзүүлсэн юм. Мөн Oriental Way брэндийн хаш чулуун бүтээгдэхүүнүүдийг үзүүлэв.
Буриадад үйлдвэрлэгдсэн, өргөн хүрээний үүрэг даалгавар гүйцэтгэх чадамж бүхий Ми-8АМТ нисдэг тэрэг ноён Анвар Ибрагимын анхаарлыг хамгийн их татсан юм. Тэрээр нисдэг тэрэгний үзүүлэнгийн талбарт чамгүй удаан саатсанаас Буриадын тэргүүн түүнд буриадын үйлдвэрийн нисдэг тэргүүдийн давуу талууд, үйлдвэрлэлийн дамжлагуудын талаар дэлгэрэнгүй ярьж өгчээ. Тэрээр энэ үедээ, Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэрийн нисдэг тэргүүд Малайз зэрэг дэлхийн 100 гаруй улсад нисэж байгаа гэдгийг тэмдэглэв.
-Уулзалтын үеэр, Ази Номхон далайн бүс нутаг даяарх манай нисдэг тэрэгний засвар үйлчилгээний төвийг Малайзд нээх боломжийг хэлэлцлээ, - гэж Алексей Цыденов мэдээлэв.
Малайзийн ерөнхий сайд Анвар Ибрагим павильонуудыг тойрон үзсэний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хамт Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд оролцсон юм.
Чуулганы өдрүүдэд Монгол улсын сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй өргөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, Хятадын бизнес эрхлэгч- «Шоуненг хөрөнгө оруулалтын газар» ХХН-ийн удирдах зөвлөлийн дарга Юй Чжихай нар мөн манай павильонд зочилсон юм.
Оросын төр засгийн агентлагуудаас Алс Дорнод, Арктикийн хөгжлийн дэд сайд Анатолий Бобраков, Оросын үйлдвэр, худалдааны дэд сайд Иван Куликов нар бас Буриадын павильоныг үзэв.
Тэрчлэн Олимпийн аварга, ЗХУ-ын спортын гавьяат мастер, чөлөөт бөхийн тамирчин Михаил Мамиашвили, Олимпийн гурван удаагийн аварга, усан гимнастикийн тамирчин Мария Киселева, «Дакар Ралли»-ийн долоон удаагийн аварга, «Торгоны зам» олон улсын авто уралдааны төслийн удирдагч Владимир Чагин, уран барималч Даши Намдаков нарын алдартнууд Буриадын соёл, аялал жуулчлал, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын нөөц боломжуудыг харуулсан үзмэрүүдийг үзэж сонирхжээ.
«Алс Дорнодын гудамж» үзэсгэлэнг зохион байгуулагчаар “Росконгресс” сан болон Алс Дорнодын холбооны тойрог дахь ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрия Трутневын албаны дэмжлэгтэй зохион байгуулсан байна.