Буриадаас БНХАУ-д рапсын тос болон тосны ургамлын шахдас гаргаж эхлэв
«Альянс+» группт харьяалагддаг тосны ургамал боловсруулах үйлдвэр БНХАУ руу 10,5 сая юанийн өртөг бүхий 1,5 мянган тонн рапсын тос, 0,8 сая юанийн өртөгтэй 360 тонн рапсын шахдас гаргажээ.
Нийтдээ 2024 оны туршид тус үйлдвэр 17,7 сая юанийн өртөг бүхий 2,6 мянган тонн тос, 4,4 сая юанийн өртөгөөр 2 мянган тонн тосны ургамлын шахдас гаргах бодолтой байна. Экспортонд гаргаж буй бүтээгдэхүүн нь хүлээн авагч улсын эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн бүх шаардлагыг хангасан бөгөөд нийлүүлэлтийн явцад хорио цээр бүхий хортой нэгдлүүд илрээгүй байна.
“Өнөөдөр манай Бүгд найрамдах улсын ХАА-н бүтээгдэхүүний экспортод шинэ үе эхэлж байна”, - гэж Буриадын ХАА-н сайд Галсан Дараев тэмдэглэн хэлжээ. Хятад улсад рапсын тосны ургамлын хэрэглээний соёл өргөн дэлгэр хөгжсөн бөгөөд энэ ургамлыг омега-3 болон омега-6 амин хүчлийн үнэт эх сурвалж гэж үздэг байна.
Түүнээс гадна рапсын тос гоо сайхан, анагаах ухаанд өргөнөөр хэрэглэж, бас шатах тослох материал, биотүлш хийхэд ашигладаг.
Тус завод төрөл бүрийн тосны ургамлын үрийг хоногт 300 тонныг хатааж, цэвэрлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмж суурилуулжээ. Заводыг өөрийн түүхий эдээр хангахын тулд энэ онд Буриадын орчин цагийн түүхэнд анх удаа 3,8 мянган га талбайд рапс болон тосны маалинга тариалжээ. Тариалалтын талбайгаа 25 мянган га-д хүргэж нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн хангах боломж бүрдэх ажээ.
“Буриадын ургамал тариалалт жилээс жилд сайжирч байгаа бөгөөд өнгөрөгч наймдугаар сарын 22-нд Улаан-Үд хотод болсон ОХУ-ын Алс Дорнодын Холбооны тойргийн муж хязгааруудын ургац тариалалтын өмнөх үеийн мэдээлэл ч үүнийг нотлон харуулж байжээ.
Өнгөрсөн онд тус бүс нутагт ургаын гурван ч түүхэн амжилт тогтоосон юм. Үр тарианы ургац га тутмаас 20,7 центнер болсон бол, га тутмаас 150 центнер төсс, хүнсний ногоо 314 ц/га-д хүрчээ. Энэ онд манай тариалалтын талбайн хэмжээ 138,9 мянгад хүрсэн нь өмнөх оныхоос 17%-иар илүү байна”, - гэж сайд дүгнэн ярьжээ.