Оросоос Монгол руу бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөрийг хурдан шилжүүлэх боломжийг хэлэлцэж байна
Олон улсын хориг арга хэмжээнээс шалтгаалж төлбөр тооцоо удааширч байгааг Монгол улсын шадар сайд С.Амарсайхан ярив.
ОХУ-ын банкуудад тогтоосон олон улсын хориг арга хэмжээний улмаас ОХУ-аас Монголд хийгдсэн нийлүүлэлтийн төлбөр удаашралтай байгаа тул монголын засгийн газар хоёр орны хооронд төлбөр тооцоог шуурхайлах боломжийг хэлэлцэж байна. Монгол улсын засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийх үедээ Шадар сайд С. Амарсайхан энэ тухай мэдээлэв.
"Монгол, Орос хоёр улсын хоорондох экспорт, импортын бүтээгдэхүүний төлбөр тооцоо удаашралтай байгаа нь ОХУ-ын зарим банк, санхүүгийн байгууллага олон улсын хоригт орсонтой холбоотой. Тиймээс бид энэ гацаа саадыг зохицуулж, төлбөр тооцоог түргэтгэх шинэ гарц боломжуудыг хэлэлцэж байна”, -гэж Шадар сайд мэдээлжээ.
Мөн тэрээр Монгол улс хөрш хоёр улс ОХУ болон БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээртэй. Тиймээс эдгээр улстай бараа эргэлтийг нэмэгдүүлэх шаардлага хурцаар тулгамдаж байгаа гэдгийг тэр сануулав. С. Амарсайхан өмнө нь, "Made in Russia" нэрийн дор Улаанбаатар хотноо болсон олон салбарын бизнес уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, ОХУ-ын банкуудыг Монголд салбараа нээж, банкны салбарт нь хөрөнгө оруулах санал хэлж байсан юм.
"Манай хоёр улсын хоорондын төлбөр тооцоонд учирч байгаа бэрхшээлийн улмаас хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг асуудлыг шийдвэрлэх арга замуудыг боловсруулж байна. ОХУ-ын банкууд Монголд салбараа нээх боломжтой бөгөөд манай улсын засгийн газар үүнд нээлттэй. Монголбанкны ерөнхийлөгч удахгүй энэ асуудлаар ОХУ-ын төв банкны тэргүүнтэй уулзалт хийнэ”, - гэж Монгол улсын шадар сайд ярьжээ.
Монгол дахь гадаадын банкууд
Энэ онд болох хоёр улсын засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Монгол улсын банкны салбарын хөрөнгө оруулалт татах чадамжийг сайжруулах асуудлыг хэлэлцэхийг тэрээр мөн нэмж дурьджээ. Үүнээс өмнө Монголбанкны тэргүүн Б.Лхагвасүрэн ТАСС-ын сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, улсад нь 12 банк үйл ажиллагаа явуулдагийг мэдээлж байсан байна.
Тэд бүгд дотоодын банк боловч зарим нь гадаадын хөрөнгө оруулалттай байна. Цар тахлаас өмнө Монгол улсад гадаадын зургаан банкны салбар ажиллаж байсны хоёр нь японы, нэг нь Их Британий, нэг нь Нидерландынх байжээ. Одоо хятадын хоёр томоохон банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна.
"Оросын банкуудаас одоогоор санал ирээгүй байна. Монгол улсын хүн ам хэт цөөн, ердөө 3,5 сая хүнтэй. Энэ нь томоохон банкуудын хувьд нэг мегаполис хотын нэг дүүрэгт оногдох үйлчлүүлэгчид гэсэн үг”, - гэж Монголбанкны тэргүүн ярьжээ.
Путин Монгол улсад айлчлах үеэрээ, ОХУ тус улсад түлш нийлүүлэлтээр туслахад хэзээд бэлэн гэдгийг нотлон илэрхийлж байв. Ооосын төрийн тэргүүн тухайлбал, Орос улс Монгол улсыг шаардлагатай эрчим хүчний түүхий эдээр эртнээс найдвартай хангаж ирсэн бөгөөд 2023 онд гэхэд монголын зах зээл дэх бензин, дизель түлшний 90 хувийг чухамхүү ОХУ нийлүүлсэн болохыг сануулж байв.