Буриадын багш Бүх Оросын уралдаанд тэргүүлжээ
Бүгд найрамдах Буриад улсын №1 лицей сургуулийн буриад хэлний багш Светлана Раданжапова уралдааны ялагч болов.
ОХУ-ын Гэгээрлийн яам Бүх Оросын “Эх хэл, уран зохиолын шилдэг багш” шалгаруулах ажил мэргэжлийн уралдааныг 2002 оноос хойш зохион байгуулж байна.
Тус бүх оросын уралдааны ялагчдын шагналыг ОХУ-ын Гэгээрлийн сайд Сергей Кравцов Казань хотноо гардуулжээ.
"Ялагчийн дипломыг буриад хэлний багш Раданжапова Светлана Владимировна-д олгож байна", - гэж тэр хэлэв.
Хоёрдугаар байрыг Татарстаны Лейля Гарифзянова, гуравдугаар байрыг Липецк мужийн Ольга Мазурова тус тус эзэлжээ. Тус уралдааны эцсийн шатны шалгаруулалтад нийт 79 бүс нутгийн эх хэл, утга зохиолын болон цэцэрлэгийн 112 багш сурган хүмүүжүүлэгчид оролцжээ.
«Алые паруса» цэцэрлэгийн багш Людмила Бальжурова өөрийн төрөлдөө шилдэг 15-д шалгарч, шагналтнуудын нэг болов.
"Асар өргөн уудам манай оронд маш олон хэл, олон соёл байдаг бөгөөд бид та бүхнийг хэзээ ямагт дэмжиж ирсэн, хойшид ч дэмжсээр байх болно. Та нар бол зөвхөн сургууль цэцэрлэгт эх хэл соёл заадаг багш нар төдий бус, ариун бөгөөд оюуны үнэт зүйлсийг тээгчид юм. Та бүхэн бол өөр өөрсдийн ард түмний эх соёл, уламжлалыг өвлөн үргэлжлүүлэгч, хөтөч нар юм, энэ тун ч их чухал”, - гэж Кравцов уралдаанд оролцогчдод хандаж хэлэв.