Беларусь улс Буриадтай аж үйлдвэр, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна
Беларусь, Буриадын хамтын ажиллагааны асуудлаарх ажлын хэсгийн хуралдаан дээр шинжлэх ухаан, технологийн Улсын хорооны дарга Сергей Шлычков энэ тухай мэдэгджээ.
"Найрсаг зочломтгой беларусь нутагт та бүхнийг угтан авч, Беларусь, Орос улсуудын найрамдалт, харилцан ашигтай харилцааг хөгжүүлэхэд оросын анд нөхдийн тавьж буй анхааралд талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Оросын бүс нутгуудтай бүс нутаг хоорондын харилцаа холбоо хөгжүүлэх нь Беларусь улсад чухал ач холбогдолтой. Буриад бол Беларусийн он цагийн шалгуурыг давсан түнш билээ. Бид зөвхөн сайн анд нөхөд төдий бус, худалдаа-эдийн засгийн бат бөх түншүүд юм. Өнөөдөр манай гурав дахь удаагийн хуралдаан болж байна гэхээр, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны багагүй туршлага хуримтлагдсаны илэрхийлэл юм. Беларусь болон ОХУ-ын Буриад улс хооронд 2023-2027 онд худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын хамтын ажиллагаа хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг бид боловсруулж, өнгөрсөн оны зургадугаар сард гарын үсэг зурж батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төлөвлөгөөнд хамтын ажиллагааны янз бүрийн чиглэлийн үйл ажиллагаа тусгагдсан бий. Мөн 2023 оны дүнгээр болон энэ оны эхний хагас жилийн дүнгээр, манай хоёр тал хоорондын худалдаа эерэг үзүүлэлттэй байгааг цохон хэлэх нь зүйтэй”, - гэж Сергей Шлычков хэлжээ.
Тэрээр Буриадын засгийн газар болон байгууллагуудад белоруссын бүтээгдэхүүнийг итгэж сонгодогт талархал илэрхийлэв. "Хамтын ажиллагаагаа эрхэмлэж, өнөөгийн тогтсон харилцаагаа бид өндрөөр үнэлдэг. Бидэнд харилцаа хамтын ажиллагааны нөөц асар их бий гэдэг нь эргэлзээгүй, та бүхний манайд хийж буй айлчлал ч бас хоёр талын түншлэлд шинэ эрч хүч нэмнэ гэж итгэлтэй байна. Буриад бол хамтын ажиллагааны хэтийн төлөв ихтэй бүс нутаг. Белоруссын үйлдвэр аж ахуйн нэгжүүд болон Буриадын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд одоогийн бүрэлдсэн нөхцөл боломжууд тус дөхөм болох нь дамжиггүй. Үүнд бид бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байна”, - гэж Беларусийн шинжлэх ухаан, технологийн улсын хорооны дарга тэмдэглэн хэлэв.
Тэрээр сэтгүүлчтдтэй ярилцах үеэрээ, Буриадтай олон талаар хамтран ажиллах чиглэлүүд байгааг тэмдэглэж, хамтын үйл ажиллагаа үр дүнгээ өгч байгааг дурьдав.
"Буриад руу бараа эргэлт, экспорт өсөж байна. Шинэ чиглэлүүд мөн хөгжүүлэх болно. Танай төлөөлөгчдийн айлчлалд бэлтгэж, зочдоо зүрх судас, хавдар судлалын чиглэлийн эрүүл мэндийн хэд хэдэн төвөөр зочлуулахаар төлөвлөсөн. Аж үйлдвэрлэлийн чиглэлээр төлөөлөгчдийг "АМКОДОР", БЕЛАЗ үйлдвэрүүдтэй танилцуулна. Тэдгээрийн үйлдвэрлэлийн талбайд техникүүдийг дэлгэн тавьж, манай улсын аж үйлдвэрийн бусад төлөөллүүд мөн байлцах болно”, - гэж Сергей Шлычков ярив.
2024 оны нэгдүгээр сараас зургадугаар сарын дүнгээр, Беларусь, Буриадын хоорондох бараа эргэлт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 34 хувиар өсжээ. Үүний сацуу Беларусаас Буриадад гаргасан экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 29 хувиар өссөн дүнтэй байна. 2024 оны нэгээс дөрөвдүгээр сард белоруссын бараа бүтээгдэхүүний Буриад дахь нийлүүлэлт 98 барааны нэр төрлөөр явагдсаны дотор машин үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын бүтээгдэхүүн хамгийн өндөр хувь эзэлжээ. Буриадаас Беларусьт нийлүүлэгдэж буй бараа бүтээгдэхүүний тухайд, 23 барааны нэр төрлөөр импорт хийгдсэн байна.