Тува соёл-танин мэдэхүйн аялал жуулчлал хөгжүүлнэ
Дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулсан «Аян-Чорук» форумд оролцсон шинжээчид дотоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах бодит шийдлүүд боловсруулжээ.
Тувад есдүгээр сарын 27-ны өдөр буюу Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр «Аян-Чорук» бүсийн аялал жуулчлалын форум болж, салбарын хөгжлийн хэтийн төлөвийг хэлэлцсэн байна. Тувагийн Бүгд найрамдах улсын тэргүүн Владислав Ховалыг тус форумын шинжээчидтэй санал солилцжээ.
Форумын үеэр хэлэлцүүлгийн гол сэдэв нь Бүгд найрамдах Тува улсад аялал жуулчлалын салбар хөгжих боломжтой магистраль замуудыг тодорхойлох асуудал байжээ. Тувагийн аялал жуулчлалын хөтөлбөрүүдийг Оросын ерөнхийлөгч дэмжихэд бэлэн гэдгийг форумын зохион байгуулагчид болон оролцогчид цохон хэлж байсан бөгөөд есдүгээр сарын 2-ны өдөр Тувад айлчлах үеэрээ тэрээр Бүгд найрамдах Тува улсын эдийн засгийн давуу талуудын нэг нь аялал жуулчлалын боломж нөөц гэдгийг тэмдэглэн хэлж байсан юм.
Тува бол хүний мөр ч гараагүй цөөнгүй нутаг оронтой онгон тансаг байгальтай гэдгээрээ төдийгүй, соёлын өвөрмөц байдлаараа сонирхол татдаг гэдгийг Владимир Путин хэлж байсан юм. Тиймдээ ч асар өргөн уудам Орос орны аялал жуулчлалын өгүүлж барамгүй олон өнгө төрх дунд Туваг юутай ч зүйрлэшгүй ховор, нандин сувд хэмээн нэрийддэг.
Тувагийн тэргүүн зэрэг тус форумын оролцогчид өнөөгийн шатанд, соёл-танин мэдэхүйн аялал жуулчлалын хөгжилд анхаарах нь хамгаас зөв гэдэг дээр санал нэгдсэн байна. Саяхныг болтол гадна ертөнцөд Тува улс, эндэхийн аялал жуулчлалын боломж нөөцийг мэддэг хүн төдийлөн олон байгаагүй. Путин, Шойгу нар Тувагийн байгалийн үзэсгэлэн, соёлын өвөрмөц онцлогийг дэлхий ертөнцөд анх таниулж нээсэн юм. Чухамхүү Ерөнхийлөгчийн энэ бүгд найрамдах улсыг гэх сонирхол олон хүнийг ийш аялж зорчих сэдлийг өдөөсөн байдаг.
“Тэгээд ч тэдгээр жуулчдын ачаар Тувагийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, энэхүү нутаг орныг аялж зорчих ёстой газар гэдгээр дэлхий нийтэд сурталчлах үйлсэд чин сэтгэлээр тусалж дэмнэх хүмүүсийг олж авсан юм. Өнөөдөр чухамхүү тэдгээр хүмүүс л аялал жуулчлалын бизнесийг хэрхэн өөд татаж, энэ талын боломж нөөцийг бүрэн нээн хөгжүүлэх вэ гэдгийг нутгийн мэргэжилтнүүдэд заан сургаж байна”, - гэж Владислав Ховалыг ярив.
Гэхдээ ингэлээ гээд аялал жуулчлалыг татах бүс нутгийн чадамжид голлох нөлөөтэй газар орны чанартай асуудлуудыг шийдвэрлэх шаардлага байхгүй болохгүй нь ойлгомжтой. Нэн тэргүүний асуудал бол, зам гүүр, жуулчны баазууд барьж байгуулахаас авахуулаад зочид буудлын нөөц, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх хүртэл аялал жуулчлалын дэд бүтцийг тэлж, боловсронгуй болгох явдал юм, - гэдгийг Тувагийн тэргүүн мөн цохон тэмдэглэжээ.
«Гэхдээ Орос орны хэмжээнд төдийгүй, Тувад аялал жуулчлалын урсгал нэмэгдэж байгаа нь хүмүүс дан ганц баян тансаг, гоё чамин амрахыг эрхэм болгохгүй байгааг илтгэдэг. Оросын ард түмнүүдийн соёл, түүх, тэдний өдөр тутмын аж амьдрал, уламжлал гар урлал зэрэг манай энгүй уудам улс орны ард иргэдийн сэтгэлгээний онцлогийг илэрхийлдэг аж байдлыг танин мэдэх асар их хүсэл сонирхол тэдэнд байдаг», - гэж Владислав Ховалыг үзэж байна.
Энэ чиглэлээр хийгдсэн зүйл олон бий. Тухайлбал, Бүгд найрамдах улсад нь аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэж байгаа хөрөнгө оруулалтын иж бүрэн төслүүд хэрэгжиж байгааг Тувагийн тэргүүн тэмдэглэв. Засгийн газраас хувь иргэдийн санал санаачилгуудыг нухацтай дэмжиж, 2024 онд жижиг дунд бизнес эрхлэгч 20 гаруй хүнд зочид буудал, кемпинг, амралтын төвүүд хөгжүүлэх хөрөнгөөр дэмжлэг үзүүлсэн байна.