Лукашенко Эрхүү хотын нисэхийн үйлдвэрт зочилжээ
Тус үйлдвэр Беларусь улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна.
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко зургадугаар сарын 5-нд Эрхүүгийн нисэхийн заводод зочилжээ.
Тус заводод төрийн тэргүүн цэргийн нисэх онгоцны техник үйлдвэрлэл, зорчигч тээврийн МС-21 онгоцны угсралтын (ташрамд дурьдахад, энэ үйлдвэрт белорусын Агаарын цэргийн хүчинд зориулсан нисэх онгоцуудыг ч мөн хийдэг юм) үе шатуудтай танилцсан байна. Үйлдвэрлэлийн удирдлагууд Беларусын Ерөнхийлөгчид үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, хэтийн төлөвт багтсан боловсруулалтуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
Эрхүүгийн нисэхийн завод нь Беларусийн нисэхийн үйлдвэрүүдтэй үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа өрнүүлэхээр зорьж байна. Тухайлбал суурь машин үйлдвэрлэл, бичил электроникийн чиглэлээр хамтарсан төслүүд хэрэгжүүлэх асуудлыг төрийн тэргүүний айлчлалын үеэр голлон ярилцжээ. Мөн завод дээр Александр Лукашенкод Су-30 сөнөөгч нисэх онгоцны загварыг бэлэглэсэн байна. Ерөнхийлөгч уг онгоцыг “Миний дуртай онгоц” хэмээжээ. Харин Эрхүүгийн нисэхийн заводын ерөнхий захирал Александр Вепрев “Хамгийн гол нь манёврлах чадвар өндөр” гэж тэмдэглэсэн байна.
Нисэх онгоц үйлдвэрлэлийн нэгдсэн корпораци импортыг орлох, үйлдвэрлэлийн хурдцаа нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Беларусийн үйлдвэрүүдтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь улам бүр чухал ач холбогдолтой болж байна.
“Белорусын үйлдвэрлэгчидтэй, тэр дундаа нисэхийн эд анги, сүлжээ, агрегат нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр илүү нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна”,- гэж заводын зүгээс сэтгүүлчдэд мэдээлжээ.
Мөн Беларуст нийлүүлсэн оросын нисэх онгоц техникийн засвар болон сервис үйлчилгээний талбай бий болгох боломжийг боловсруулж байна. Эрхүүгийн нисэхийн завод нь оросын нисэхийн аж үйлдвэрийн хамгийн өндөр технологжсон, шинжлэх ухаанд суурилсан, эрчимтэй хөгжиж байгаа үйлдвэр юм. 1932 оноос хойш тус завод 20 гаруй загварын 7000 орчим нисэх онгоцыг дэлхийн 40 улсад гаргажээ. Тус завод нь зохион бүтээх болон үйлдвэрлэлийн технологи боловсруулалтын, тоног төхөөрөмж бэлдэх, туршилтын болон цуврал онгоц үйлдвэрлэл, тэдгээрийн газар дээрх болон нислэгийн туршилтууд, борлуулалтын дараах үйлчилгээ зэрэг иж бүрэн үйл ажиллагаа гүйцэтгэх хүч боломжтой байна. Эрхүүгийн нисэхийн заводын орчин үеийн үйлдвэрлэлийн үндсийг Су-30МК болон Су-30СМ олон төрлийн зориулалттай сөнөөгч нисэх онгоцууд, шинэ үеийн Як-130 сургалт-байлдааны нисэх онгоцууд, зорчигч тээврийн нисэх онгоцны эд ангиуд бүрдүүлэхийн зэрэгцээ өмнө үйлдвэрлэлээс гарсан нисэх онгоцуудад капитал засвар хийх хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн Як-152 сургалт- дадлагын шинэ нисэх онгоцыг цувралаар үйлдвэрлэх бэлтгэл хангаж, зорчигч тээврийн МС-21 онгоцыг цувралаар үйлдвэрлэх ажил явагдаж байна.
В сюжете: Александр ЛукашенкоИркутскавиазавод






















