Буриад дахь Байгаль нуурын эрэгт амралт-аялал жуулчлалын цогцолбор байгуулна
Энэ төсөл нь Бүгд найрамдах Буриад улс болон Кабан аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлал хөгжихөд чухал алхам болох юм.
«Алс Дорнод болон Арктикийн хөгжлийн Корпораци» ХН болон «Курорты Байкала» ХХН хамтран Байгаль нуурын эрэгт “Выдрино” хэмээх амралт-аялал жуулчлалын цогцолбор байгуулж хөгжүүлэх хэлэлцээр байгуулжээ. Энэ төсөл нь Бүгд найрамдах Буриад улс болон Кабан аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлал хөгжихөд чухал алхам болох юм.
Хэлэлцээрт «Алс Дорнод болон Арктикийн хөгжлийн Корпораци» ХН-ийн ерөнхий захирлын хөрөнгө оруулалтын төслүүд эрхэлсэн орлогч Сергей Скалий болон «Курорты Байкала» ХХН-ийн ерөнхий захирал Екатерина Иноземцева хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2,9 тэрбум рубль байх бөгөөд төсөл хэрэгжсэнээр 400 шинэ ажлын байр бий болно. Орчин үеийн амралт, чөлөөт цагийн төв болох амралт-аялал жуулчлалын «Выдрино» цогцолборын нэг өвөрмөц онцлог нь дээд түвшний загвар хийцтэй, байгальд ээлтэй, басхүү спорт идэвхжүүлэлтэд түлхүү чиглэсэн байх явдал юм.
Төслийн хүрээнд зочдын байрууд, усан сан бүхий СПА төвүүд, уулзалтын төв, гадна тавцан бүхий зоогийн газар, хүүхдийн амралт чөлөөт цаг, спортоор хичээллэх зориулалтын улирлын онцлогтой талбайнууд, завины дэд бүтцүүд болох зогсоол, засвар үйлчилгээний станц зэргийг барихаар төлөвлөжээ.
Энд нийтдээ 250 гаруй өрөөтэй зочдын байрууд барьсанаар 500-аас доошгүй хүн нэг дор хүлээн авах хүчин чадалтай байх бол, амралт чөлөөт цагийн дэд бүтэц болон спортын байгууламжууд нь 1500 хүртэл тооны хүн хүлээн авах боломжтой байхаар төлөвлөжээ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд «Алс Дорнод болон Арктикийн хөгжлийн Корпораци» ХН-д олгогдох 25 га гаруй талбайд аялал жуулчлалын дэд бүтцийн үндсэн байгууламжууд баригдах юм.
«Алс Дорнод болон Арктикийн хөгжлийн Корпораци» ХН-ийн ерөнхий захирлын төслийн хэрэгжилт хариуцсан орлогч Сергей Скалий мэдэгдэхдээ: ««Курорты Байкала» ХХН-тай байгуулсан хэлэлцээр нь Алс Дорнод, Арктикийн бүс нутгуудад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бидний эрмэлзлийн нотолгоо юм. «Выдрино» аялал жуулчлалын кластер дэлхийн өнцөг булан бүрийн жуулчдын ирэх дуртай газар болж, шинэ ажлын байрууд бий болгож, бүс нутгийн эдийн засгийн хөгжиол мэдэгдэхүйц тус дөхөм үзүүлнэ. Уг төсөл нь Байгаль нуурын дахин давтагдашгүй өвөрмөц экосистемийг хадгалсан аялал жуулчлалын чанартай дэд бүтэц байгуулахад чиглэсэн бөгөөд байгалийн газар орныг экологич байдлаар ашиглан хүрээлэн байгаа орчинд учрах сөрөг нөлөөг хамгийн бага байлгахыг зорьж байна» гэжээ.
«Курорты Байкала» ХХН-ийн ерөнхий захирал Екатерина Иноземцевагийн тухайд: «Манай төсөл нь ганц аялал жуулчлал хөгжүүлэхэд бус, ая тух, байгалийн төгс зохицлыг хослуулсан амралтын онцгой орчныг байгуулахад чиглэсэн юм. Манай цогцолбороор үйлчлүүлэгч зочдод бид үйлчилгээ санал болгоод зогсохгүй, Байгаль нуурын гоо үзэмжийг таашааж, ховор нандин байгалийн экосистемийг хайрлан таашаах боломжийг өндөр чанартай үйлчилгээний хамт олгохыг эрмэлзэж байна» хэмээн ярьжээ.
«Курорты Байкала» ХХН тэрчлэн, Байгаль нуурын хосгүй өвөрмөц экосистемд ариг гамтай хандах нөхцөлийг бүрдүүлсэн сүүлийн үеийн, өндөр үр ашигтай ус хангамжийн байгууламжуудыг барихаар төлөвлөсөн байна.