Буриадын домгууд амилсан нь. МТС компани манга хэлбэрийн этно зурагт ном хэвлүүлжээ
Буриад ард зоны дунд түгэж ам дамжин яригдаж ирсэн сургамжит үлгэрүүдийг бодит байдлыг нэмж дүрслэх технологитой хослуулан манга хэлбэрт оруулжээ.
МТС-ийн бүтээсэн буриад ардын үлгэрийн баатруудын этно-комикс нь “Буриадын домгууд амилсан нь” нэртэй. AR-төхөөрөмж нь үлгэрийн баатруудыг амилуулахаас гадна буриад хэл судлахад тустай байна. Түүврийн эхний хувиудыг Буриадын номын сангууд болон дунд сургуулиудад олгох ажээ.
Түүвэрт “Цэцэн Балдан”, “Авхаалжит ишиг” зэрэг хүүхэд балчир наснаас танил дотно болсон үлгэрүүд багтсан байна. Уг этно-комикст багтсан үлгэр тус бүрт орос-буриад ярианы толь хавсаргажээ. Уг номыг хэвлэмэл, тоон, аудио гурван хэлбэрээр авч болно. Аудио хувилбарыг Буриадын "Үлгэр" хүүхэлдэйн театрын жүжигчид дуу оруулжээ.
Манга номыг гэр бүлээрээ уншихад тохиромжтойгоос гадна боловсрол, соёлын байгууллагуудад зориулсан байна.
Үндэсний хэл, утга зохиол, Буриадын соёлыг судлахыг хөхиүлэн дэмжих арга хэмжээ болгож МТС компани мөн, тус Бүгд найрамдах улсын соёлын болон боловсролын байгууллагуудад номоо түгээх юм. Тиймээс этно-комикс номуудыг Буриадын Үндэсний номын сан болон бусад 433 номын сан, мөн Буриадын Усть-Ордынск автономит тойрог, Эрхүү муж, Өвөр Байгалийн хязгаар дахь Буриадын Агын тойргийн номын сангуудаас олж үзэх боломжтой.
“Буриадын домгууд амилсан нь” комикст зориулж тусгайлан нейроаватарууд бүтээсэн оросын LOOKY нийгмийн сүлжээ энэхүү төслийн хамтрагчаар ажилласан байна. Эдний өөрийн аппликэшнд оруулсан аватаруудын тусламжтай хүссэн хүн бүр өөрийгөө ардын үлгэр домгийн баатрын дүрээр орлуулах боломжтой. Үүний тулд “Нейроаватары” гэсэн хэсэгт өөрийн зургийг оруулснаар виртуал дүрээ үүсгэж болно.
«Хүн амын тооллогын мэдээллээр, Бүгд найрамдах Буриад улсын хүн амын 20 гаруйхан хувь нь буриад хэлтэй. Хэлээ хадгалж авч үлдэхийн тулд хүүхдүүдэд бага наснаас нь төрөлх соёлын орчин бий бүрдүүлэх, мөн тэдэнд хамгийн ойр дасал болсон хэлбэрээр нь үүсгэх нь чухал юм. Боловсролын үйл явцыг баяжуулахад тоон хэрэгслүүд ач холбогдолтой. Чухам иймээс бид технологи, ардын мэргэн ухаан, орчин үеийн арга хэлбэрүүдийг зэрэгцүүлэн ашигласан ийм төслийг санаачилсан юм. Бодит орчныг нэмж үүсгэснээр манга номын унших үед үлгэрийн баатрууд уншигчдын нүдэн дээр хөдөлж, танил болсон дуу хоолой буриад хэлээр түүх хүүрнэх зэргээр улам сонирхолтой болгосон юм. Компанийнхаа нөөц боломжид түшиглэн энэ төслийнхөө талаар бид зөвхөн Буриадаар зогсохгүй, түүнээс гаднах бүс нутгуудад мөн мэдээлэл түгээж, манай соёлыг таньж мэдэх сонирхлыг нэмэгдүүлж, Буриадын өв уламжлалыг мэдэх хүсэлтэй зочид гийчдийг нутагтаа татахад дөхөм үзүүлнэ”, - гэж “МТС Буриад”-ын захирал Жанна Дорошова ярив.
«Буриад хэлийг бүс нутагтаа өвлөн хадгалж, хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх нь Бүгд найрамдах улсын төрийн хөтөлбөрт багтсан үндсэн зорилтын нэг байдаг. МТС компаниас эрхлэн гаргасан этно зурагт номууд бол эх түүх, өв соёлын дээж болох буриад үлгэрүүдтэй танилцаад зогсохгүй өсвөр хойч үеэ буриад хэл соёлтой нь ойртуулах боломжийг Буриадын иргэд олон нийтэд хүртээмжтэй, танин мэдэхүйн хэлбэрээр олгож байгаа цоо шинэ, орчин үеийн шийдэл юм», — Буриадын Соёлын сайд Соелма Дагаева ярьжээ.
Этно зурагт номын нээлт Буриадын Үндэсний номын санд гарсан 29 дэх удаагийн Номын салоны хүрээнд болсон байна. Тус салоны зочид гийчид, Үндэсний номын сангаар үйлчлүүлэгчид энд байрлуулсан интерактив буланд уг номтой бүрэн танилцах боломжтой байна.
В сюжете: Бурятиябурятский эпоскомиксМТС