Хөвсгөл аймагт Буриадын их дээд сургуулиудыг хүлээж байна
Монгол улсын Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав аймгийнх нь сурагчдад сургалтын хөтөлбөрөө танилцуулахыг Буриадын их дээд сургуулиудад санал болгожээ.
– Өнөөдөр манайд малын эмч нар болон инженерүүд онцгой дутагдалтай байна. ЗХУ-д боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүд харамсалтай нь тэтгэвэртээ гарчихлаа. Дээрээс нь манай аймаг хамгийн олон малтай, мал аж ахуйн аймаг. Тиймээс манайд ХАА-н төрөл бүрийн чиглэлийн мэргэжилтнүүд туйлаас шаардлагатай байна, - гэж Засаг дарга ярив.
Түүний ярьснаар, энэ онд тус аймагт 1700 гаруй сурагч сургууль төгсөж байгаа бөгөөд тэдний дунд Орост, тэр дундаа газар нутаг ойролцоо Буриад улсад суралцах сонирхолтой хүүхдүүд олон байгаа ажээ.
-Тэгээд ч Буриадын тэргүүлэх их дээд сургуулиудад монгол оюутнуудыг татахад чиглэсэн хөтөлбөрүүдийн талаар олонтаа сонсож байсан. Тухайлбал, Буриад Улсын ХАА-н Академи болон Булган аймгийн туршлага бидний сонирхлыг татсан. Монголын сургуулиудад багшлах орос хэлний багш бэлтгэх хөтөлбөр мөн адил, - гэж н.Лхагважав ярив.
Буриадын боловсролын сайд Валерий Поздняков энэ тухайд, монголын ЕБС-иудад багшлах орос хэлний багш бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Буриадын Улсын Их Сургууль болон Буриадын багшийн коллеж жил тус бүр жилд 20 оюутан элсүүлдэг талаар ярьсан байна.
– Тэдгээр оюутныг Буриадад үнэ төлбөргүй сургаж, бас дотуур байраар үнэгүй хангадаг. Энэ бол хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн манай Бүгд найрамдах улсын хөтөлбөр бөгөөд цорын ганц болзол нь төгссөнийхөө дараа Монгол улсад гурваас доошгүй жил ажиллах ёстой байдаг.
Буриад Улсын ХАА-н Академийн захирал Сергей Доржиев харин, тус академийн зүгээс Булган аймагтай хэрэгжиж байгаатай ижил гэрээг Хөвсгөл аймагтай байгуулахад бэлэн гэдгийг тэмдэглэжээ. Энэ хэлэлцээрийн дагуу, Булган аймгийн сурагчид Буриад улсын ХАА-н Академид аймгийнхаа зардлаар үндсэн мэргэжилд суралцдаг.
Хөвсгөл аймгийн Засаг дарга тэрчлэн, Буриадын бусад их дээд сургууль боловсролын байгууллагуудыг аймгийнх нь сургуулиуд дээр танилцуулга зохион байгуулахыг санал болгожээ.
Энд дурьдахад, Засаг дарга Лхагважав, Буриад улсын тэргүүн Алексей Цыденов нарын уулзалтын араас боловсролын байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзсан байна.
Буриад улс “Алтаргана” наадам, Буддын форум болон Халх голын ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг томоохон арга хэмжээнүүдэд бэлтгэх завгүй ажилтай байгаа, мөн Монгол улсад сонгуулийн өмнөх улстөрийн нөхцөлтэй байгаа хэдий ч бид уулзалдаад зогсохгүй, иж бүрэн хамтын ажиллагааны хэлэлцээ өрнүүлж чадсанд би ихэд талархаж байна. Бид Буриадын их дээд сургуулиудын төлөөллийг нутагтаа хүлээж авахаас гадна аялал жуулчлалын хамтарсан маршрут гаргахаар ажиллах болно. Мах экспортлох тухайд мөн нааштай үр дүнд хүрч чадна гэж найдаж байна, - гэж Хөвсгөл аймгийн Засаг дарга ярилаа.
В сюжете: БурятияМонголияХубсугульский аймак