Новак “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудал хэлэлцсэн талаар мэдээлэв
ОХУ-ын ерөнхий сайдын орлогч тэрчлэн, Улаанбаатарын төмөр зам болон хөрөнгө оруулалтын төслүүдийн чиглэлээрх хамтын ажиллагааг хөгжүүлэх, хийн хангамжийн схем боловсруулах асуудал хэлцэгдэж байгааг тэмдэглэжээ.
Орос, Монголын төрийн тэргүүн нарын уулзалтаар “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудлыг хэлэлцсэн тухай ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Александр Новак мэдээлэв.
"Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын нутгаар дайруулах, хийн хангамжийн схем боловсруулахад оролцуулах болон Улаанбаатарын төмөр зам, хөрөнгө оруулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг Монголын талтай хэлэлцлээ", - гэж тэр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
"Энэ нь Улаанбаатарын дулааны 3-р цахилгаан станцыг шинэчлэх, энэ ажилд оросын компаниудыг оролцуулах, мөн Монгол улсад нефть бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хөгжүүлэх асуудал юм”,- гэж ерөнхий сайдын орлогч тодруулав. Новакийн хэлснээр, ОХУ одоогийн байдлаар Монголд нефть бүтээгдэхүүн нийлүүлэгч гол орон бөгөөд тус улсын нийт худалдан авалтын 95 хувийг хангаж байна.
"Сибирийн хүч- 2" хий дамжуулах шугам Ямала болон Баруун Сибирийн нутгаас гарах бөгөөд жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх дээд хүчин чадалтай байх юм. Москва өнгөрсөн оны 12 дугаар сард тус хийн хоолойг барих нөхцлөөр “Газпром” компани, хятадын CNPC хооронд эцэслэн тохирсон гэж мэдээлж байсан юм.
Хийн хоолойг Монголоор дайруулж тавих хэсгийн судалгааны ажил явагдаж байгаа юм байна.