“Уламжлалт буддын шашин ба өнөөгийн сорилтууд” сэдэвт буддын шашны олон улсын хоёрдугаар форумын төгсгөлийн тогтоол
Буддын шашны олон улсын форумын удаахийг 2025 онд зохион байгуулахаар санал дэвшүүлэв.
2024 оны наймдугаар сарын 12-24-ний өдрүүдэд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо “Уламжлалт буддын шашин ба өнөөгийн сорилтууд” сэдэвт буддын олон улсын хоёрдугаар форумд Бангладеш, Беларуст, Бразил, Бутан, Вьетнам, Энэтхэг, Камбож, Хятад, Лаос, Монгол, Мьянмар, Балба, Орос, Тайланд, Шри-Ланк, Японоос хүрэлцэн ирж чуулсан буддын болон бусад шашны, иргэний нийгэм, төр, олон нийтийн байгууллагууд, боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн төлөөлөгчид - Бид ахан дүүсэг харилцааг удирдлага болгон, хүмүүнлэгийн, соёлын, шашны холбоо харилцааг бэхжүүлж, улс орнуудын тусгаар бүрэн эрх, тусгайлсан байгууллагуудын эрх ашгийг хүндэтгэсний үндсэн дээр дараах байдлаар үзэл бодол нэгдэв:
1. Буддизм нь олон мянганы туршид дэлхийн олон улс бүс нутаг, хүн ардын хоорондын харилцаанд дөхөм үзүүлж, соёлын өргөн уламжлалыг бий болгосон хүн төрөлхтний оюун санааны хамгийн агуу ололтуудын нэг билээ. Буддизмын бүх дэг сургууль, чиглэл нь буддизмын хөдөлгөөнд адил тэгш чухал бөгөөд өнөөгийн сорилтуудын үед тэд бүгдээр оюун санааны уламжлалт үнэт зүйлс, мэргэн оюун, энэрэл нигүүлсэл, шашны дэг ёс, экологийн ёс зүй болон хүмүүс хоорондын нөхөрлөлийг батжуулахын төлөө байна.
2. Уламжлалт үнэт зүйлс, орчин үеийн сургалтын арга зүй, инновацлаг технологийг хослуулсан боловсрол ба хүнлэг ёсыг дээдлэн хадгалах нь буддизмын хөгжлийн чухал хэсэг мөн. Орчин цагийн боловсролд хүрэх зам нээлттэй, хүртээмжтэй байх ёстой бөгөөд сайхан сэтгэл, амьд бүхэнд хор үл учруулах, хүн төрөлтний нийтлэг харилцааны сургуулд тулгуурлаж их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад буддизмыг судлах курсүүдийг оруулах нь зүйтэй. Мөн буддын шашны мэдлэг олгох болон судалгаа шинжилгээний томоохон төвүүдэд зочлох боломжийг олгосон өргөн хүртээмж бүхий шашны аялал, эргэл мөргөл үйлдэх нөхцөлүүдийг бүрдүүлэх нь мөн чухал юм.
3. Гэр бүл, төр улс, боловсрол болон бодлогын уламжлалт үнэт зүйлсийг хадгалж хамгаалах нь даян дэлхийн тогтвортой хөгжлийн үндэс юм. Орчин үеийн нийгэмд байгалийн цэвэр онгон төрх, оюун сэтгэхүйн цэвэр ариун байдал, сэтгэл санааны эрүүл мэнд, хүн байгалийн шүтэлцээг чухалчилж, өөрийн ухамсар хийгээд дэлхий ертөнцийн зохилдлогыг ямагт санаж дээдэлж байх нь өнөөгийн соёл иргэншлийн хөгжлийн харилцан уялдаатай бүрдэл хэсгүүд юм.
4. Буддизм, түүний өв, соёл, утга зохиолуудыг шинжлэх ухаанчаар судлан шинжлэх нь шашны нийгэмлэгүүд болон эрдэм шинжилгээний хамтлагуудын үйл ажиллагаанд чухал байр суурь эзлэх учиртай. Бид бурхны шашны их нэвтэрхий толь бүтээх, дэлхийн бүх улсын эрдэмтэн, судлаачдыг нэг дор цуглуулж чадах эрдэм шинжилгээний болон шинжлэх ухаан- танин мэдэхүйн сэтгүүл, номууд бүтээх хамтарсан төслүүд хэрэгжүүлэхийн төлөө байна. Мөн бид бурхны шашны гол томоохон ном судруудыг тайлбар болон судалгаатайгаар шинээр хөрвүүлж, дугуй ширээний ярилцлага, бага хурал, сургалт дамжаа зохион байгуулж, нийтэд хүртээлтэй тусгайлсан хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахыг чухалчлах учиртай.
5. Буддын нийгэмлэгүүд хүний хүмүүжил, үндэсний уламжлалыг бэхжүүлэх, уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах, шашны эрх чөлөөг хангах зэрэг үйлсэд төр засаг, бусад олон нийтийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Бид шашин хоорондын дайсагнал өдүүлэх, буддизм болон бусад шашны сургаал номлолуудыг үл бүтэх тахин шүтлэг, үзэл суртал болгон хувиргах, бурхны шашны дэг сургууль, урсгалууд хооронд хямрал дэгдээх, буддизмыг хүмүүсийн эрх ашиг, эрх, эрх чөлөөг боогдуулах сектүүд үүсгэх, бусад урсгалын нэр хүндийг гутааж, дайсагнал өдүүлж, хэт даврах, салан тусгаарлах үзэл суртал дэлгэрүүлэхэд ашиглах аливаа оролдлогыг бид эсэргүүцэж байна. Буддизм бол хэн бүхэнд ил нээлттэй сургаал бөгөөд аль нэг хэсэг бүлэг этгээд дангаар эзэмших боломжгүй юм.
6. Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, судлах үйлсэд олон улсын хамтын ажиллагаа, түүний дотор мэргэжилтэн, байгууллагуудын хамтын ажиллагаа, туршлага солилцоог нэмэгдүүлнэ.
7. Бурхны шашин шүтлэгийн хөгжил, буддын философи, боловсрол, оюун сэтгэлгээний практик хөгжил, төр-шашны зохилдлогот харилцаа, уламжлалт шашин-ёс суртахууны үнэт зүйлсийг хадгалж хамгаалах болон бурхны шашинт орнуудтай олон улсын яриа хэлэлцээ, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа өрнүүлэх үйлсэд Оросын бурхны шашны нийгэмлэг болон Бандида Хамба ламын үнэтэй хувь нэмрийг хүлээн зөвшөөрч байна.
8. Бид дэлхийн бүх улсаас боломжит өргөн хүрээний оролцогчдыг татан оролцуулах замаар бурхны шашны олон улсын форумуудыг тогтмол зохион байгуулахыг дэмжиж байгаа бөгөөд удаах ийм форумыг 2025 онд хийх саналтай байна.
В сюжете: БурятиябуддизмБуддийский форум