Улаан-Үдийн нисэхийн завод «Арми-2024» форум дээр Ка-226Т нисдэг тэргийг танилцуулав
Шинэчлэн сайжруулсан уг нисдэг тэргийг уулархаг болон усан гадаргуу дээгүүр нислэг хийхэд тохиромжтой болгон өөрчилжээ.
ОХУ-ын “Ростех” төрийн өмчит корпорацийн “Вертолеты России” холдингийн харъяа “Улаан-Үд хотын нисэхийн завод “Арми-2024” Олон улсын цэрэг-техникийн форум дээр олон зориулалт бүхий Ка-226Т нисдэг тэргийг танилцуулжээ.
Коаксиаль холболт бүхий хоёр хөдөлгүүрт хөнгөн нисдэг тэрэг Ка-226Т нь ачаа, зорчигчид болон албаны бүрэлдэхүүн тээвэрлэх, эдийн засгийн бүсүүдэд эргүүл, мониторинг хийх, аврах-эрэн хайх болон эмнэлэг-нүүлгэн шилжүүлэлтийн үүрэг гүйцэтгэх зориулалттай. Нисэх буудлын нөхцөлд уг нисдэг тэрэг нь модульчлагдсан бүтээц хийцийн ачаар янз бүрийн даалгаврын зориулалтаар хувиргах боломжтой.
Ка-226Т нисдэг тэргийг нэмж сайжруулсаны дүнд ууланд нислэг үйлдэх боломжууд нь нэмэгджээ.
Нисдэг тэргийг нислэг-навигаци болон радио холбооны шинэ иж бүрдэл төхөөрөмжөөр тоноглосон нь нисгэгчдийн ачааллыг бууруулж, агаарын хөлгийн жолоодлогын чадамжийг нэмэгдүүлсэн байна. Тэрчлэн нисдэг тэрэгний бүхээгт хөнгөрүүлсэн материалууд ашиглаж, ослын буултын нөхцөлд түлш асгарч, шатахаас сэргийлэх осолд тэсвэртэй түлшний систем суурилуулжээ.
Түлшний савны багтаамжийг томруулсаны дүнд машины холын зайг туулах чадвар нэмэгдэв. Тэрчлэн жолоодлого болон цахилгааны системийг шинэчлэн сайжруулжээ.
Коаксиаль холболтын дүнд агаар сийрэг өндрийн нөхцөлд жолоодлого сайтай, хүчтэй хөндлөн салхинд тэсвэртэй байх, хурдан өндрөө авах чадвар сайтай байх боломжийг бүрдүүлжээ. Мөн сүүлний боолтгүй болсон нь овор хэмжээг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулж, нисдэг тэргийг хамгийн жижиг талбайд, тэр дундаа ууланд, хотын дэд бүтэц болон хөлөг онгоцны тавцан дээр буулгах боломжтой болгожээ.