Орос, Саудын Араб улсууд харилцан аялал жуулчлал хөгжүүлэх бодолтой байна
Талууд харилцан аялал жуулчлалын хүртээмжийг нэмэгдүүлэхээр тохиров.
Оросын эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников Саудын Арабын хаант улсын аялал жуулчлалын сайд Ахмед Аль-Хатибтай цахим уулзалт хийж, аялал жуулчлалын салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ.
«Хамтын хүчин чармайлтаар бид хоёр улсын аялал жуулчлалын салбарын холбоо харилцааг цоо шинэ түвшинд гаргаж чадна. Үүний зэрэгцээ манай иргэдэд аялж жуулчлах хүртээмж, тав тухыг бүрдүүлэх нь чухал байна», - гэж Максим Решетников цохон тэмдэглэв.
Уулзалтын дүнд талууд хоёр улсын зах зээл дэх аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өсгөх, визийн саад тотгорыг бууруулах, тээврийн холбоо харилцааг сайжруулах зэрэг бодит алхмуудыг товлон тогтжээ. 2024 онд багтаж талуудын гарын үсэг зурж батлахаар зөвшилцсөн Хамтран ажиллах санамж бичигт дээрх гол тохиролцоонуудыг тусгах юм.
«Орос улс Саудын Арабын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Манай жуулчдыг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлөөр хангадаг оросын талд бид талархаж байна», - гэж Ахмед Аль-Хатиб тэмдэглэн хэлжээ.
Орос, Саудын Араб хоорондох хоёр талын жуулчдын урсгал идэвхтэй өсөж байгаа юм. Тухайлбал, 2024 оны эхний хагас жилд Саудын Арабаас Орост зорчсон жуулчдын тоо 2023 оны мөн үетэй харьцуулахад 12 дахин нэмэгджээ. Саудын Арабын иргэд Орос руу нэвтрэх цахим виз бүрдүүлэлтийн тоогоороо хоёрдугаарт оржээ.