Шинжээч, ОХУ-аас БНХАУ руу тавих хийн хоолойг Монгол улс сонирхдог гэв
Орос, Хятад хоёр улсын хооронд "Сибирийн хүч-2" хийн хоолойг барих хэлэлцээр хүчин төгөлдөр болсоны дараа Монгол улс хөгжлийн хөтөлбөртөө тухайн төслийг тусгана гэж эдийн засгийн ухааны доктор А. Даваасурэн үзэж байна.
Орос, Хятадын хооронд баригдах нэн чухал “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монгол улс 2028 он хүртэлх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөндөө тусгаагүй талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлсэн юм. Монгол улс энэхүү хийн хоолойн маршрутад гол үүрэгтэй хэдий боловч сая гаргасан шийдвэр нь уг төслийг зогсоох зорилготой. Энэ нь тус төсөлд оролцогчдын санхүүгийн болон геополитикийн шийдэгдээгүй асуудлуудтай холбоотой байж мэдэх юм гэж хэвлэлүүдийн зарим нь бичжээ.
Оросоос Хятад руу өөрийн нутгаар дамжуулж хийн хоолой бариулах сонирхол монголын талд бий боловч орос, хятадын талуудын хоорондох энэхүү хэлэлцээнд нөлөөлөх эрх бөгөөд боломж манай талд байхгүй гэж Монгол улсын ШУА-ийн профессор, эдийн засгийн ухааны доктор А.Даваасүрэн мэдээлжээ. “Дээрх хийн хоолойн талаар тусгагдаагүй гэгдэж буй Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө бол цэвэр манай улсын дотоодын баримт бичиг”, - хэмээн энэ шинжээч ярьсан байна.
“Миний мэдэж байгаачлан, оросын тал “Сибирийн хүч-2” хийн хоолойн Монголын нутаг дээгүүр дамжих хэсгийн зураг төсөл, судалгааны ажлын өөрийн хэсгийг оросын тал гүйцэтгэсэн. БНХАУ болон ОХУ хооронд хэлэлцээр хүчин төгөлдөр болсон даруйд уг хийн хоолойн бүтээн байгуулалт Үндэсний хөгжлийн хөтөлбөрт тусгагдана гэж би итгэж байна”, - гэж энэ эдийн засагч нэмж ярьжээ.
Монголын засгийн газар 2028 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт “Сибирийн хүч-2” хийн хоолой тусгагдаагүй талаар Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан асан Мөнхнаран Баярлхагва мэдээлсэн тухайд дээрх эрдэмтэн ийм тайлбар өгснийг asiarussia.ru эх сурвалжид тулгуурлаж уламжлав.
Энд дурьдахад, Монголын нутгаар дамжуулан Хятад руу тавигдах 50 тэрбум шоо метр хүчин чадалтай “Сибирийн хүч-2” хийн хоолойн бүтээн байгуулалтын төслийн түүхий эдийн эх үүсвэр нь ОХУ-ын Ямала-Ненецкийн автономит тойргийн Надым-Пур-Тазов бүс нутагт байдаг Ямал хойг дахь орд газар юм.