Улаан-Үд хот Хятадын тээврийн төв болох чадамжтай
Улаан-Үдийн “Байгаль” нисэх буудал нь Хятадын өмнө зүгийн хотуудаас Москва орох агаарын тээвэрлэлтийн хувьд ашигтай байрлалтай болохыг Буриадын тэргүүн хэлэв.
Хятад болон Буриадын хамтын ажиллагааны нэг гол чиглэл нь логистик бөгөөд Хятад, Оросын хооронд худалдаа-эдийн засаг, бусад холбоо харилцаа хурдацтай өсөж байгаа үед Улаан-Үдийн нисэх буудал нь тээврийн томоохон төв болох бодит хэтийн төлөв бий. ОХУ-ын Буриадын Бүгд найрамдах улсын тэргүүн Алексей Цыденов саявтар “Синхуа” мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө энэ тухай ярьжээ.
"Хятад улс олон жилийн туршид Буриадын гадаад худалдааны түнш байж ирсэн бөгөөд сүүлийн таван жилд тус бүс нутгийн бараа эргэлтэд эзлэх хувь нь 1,5 дахин өссөн” гэдгийг Алексей Цыденов мөн тэмдэглэв.
Буриад улс Хятад, Орос, Монгол улсуудын дундах тээвэр логистикийн стратегийн чухал зангилаа учир БНХАУ-ын хувьд тээврийн төв болох бүх боломж Улаан-Үд хотод бий гэдгийг тэр мөн хэлжээ.
Транссибирийн төмөр зам, “Тяньжин--Бээжин- -Улаанбаатар- - Улаан-Үд” олон улсын авто зам, “Москва- - Владивосток” оросын Холбооны авто зам тус бүс нутгийг дайрч өнгөрдөг гэдгийг Буриадын тэргүүн сануулсан байна.
"Ачаа тээвэрлэлтийн хэмжээгээрээ "Байкал" нисэх буудал улсдаа тавдугаар байрт ордог бөгөөд Хятадын өмнө зүгийн хотуудаас Москва орох агаарын тээвэрлэлтийн хувьд ашигтай байрлалтай. Өнөөдрийн байдлаар, тус нисэх буудлаар хийгддэг нийт ачаа эргэлтийн 95 хувь нь Хятад улсад оногддог”, - гэдгийг бүс нутгийн тэргүүн мөн цохов.
Хятад, Оросын янз бүрийн салбарт өсөн нэмэгдэж буй харилцаа, хамтын ажиллагаанаас үүдэн “Хятад–Монгол–Орос” эдийн засгийн коридорын төвийн бүсийг хөгжүүлэхэд шинэ түлхэц бий болно гэж бид найдаж байна, - гэж Алексей Цыденов мөн нэмж дурьджээ.