Японыг ялсан ялалтын 85 жилийн ойд зориулсан интерактив үзэсгэлэн Монголд нээгдэв
Монгол улс дахь Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Кильпякова эд өлгийн зүйлсээ гарган өгсөн байлдаанд оролцогчдын ар гэрийнхэн болон Буриад улсын үндэсний архивын газарт талархал илэрхийлэв.
2024 оны наймдугаар сарын 28-нд Улаанбаатар дахь Русский дом-ын талбайд Халхын голын ялалтын 85 жилийн ойд зориулсан гэрэл зургийн гурамсан үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Энэ арга хэмжээнд Монгол улс дахь Беларусь улсын элчин сайд Д.Н. Горелик, Монгол улс дахь ОХУ-ын цэргийн атташе П.В. Петрунин, «Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч С. Дэмбэрэл, Е. Максим нар болон Орос болон Зөвлөлтөд суралцан төгсөгчдийн холбооны (МАВСУЗ) дэд тэргүүн, “Хангарьд” ТББ-ын гүйцэтгэх захирал Д. Баяртогтох, «Дурсамж цаг хугацаанаас хүчтэй» олон улсын залуучуудын 6-р экспедици, «Курган-Улаанбаатар» морин аяллын оролцогчид болон РЦНК-ийн ажил хэрэгч түнш “Газпромбанк”, УБТЗ, “Монретранс” компаниудын удирдлага, Монгол Улсын ТББ-ын төлөөлөгчид бусад олон хүмүүс хүндэт зочноор оролцов.
РЦНК-ийн байгуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд “цаг хугацааны машин” лугаа орчин цагийн биднийг түүхийн нэгэн үед аваачиж байлаа. Нэгдүгээр хэсгийг «догшин ширүүн 1939 он» буюу Халхын голын байлдаанд зориулсан бөгөөд энд дайны талбар, тулалдаан түр намжих зуурын нам гүм агшин хормууд, Улаан арми, БНМАУ-ын армийн цэргийн жанжин, офицер, цэргүүдийг харуулсан баримтат гэрэл зургууд тавигджээ. Энэ хэсгийн форматыг интерактив болгосноор үзэгчид гэрэл үзэх төдийгүй дунд нь орж 1939 оны үйл явдлуудын уур амьсгалыг мэдрэх боломж олгож байгаа юм.
“Халхын голын баатрууд” хэмээх хоёрдугаар хэсэгт тавигдсан гэрэл зургуудад байлдааны шууд оролцогчдыг үзүүлжээ. Гэрэл зургуудыг дайны дараах жилүүдэд хөшөөний нээлтийн ёслол, үе үеийнхний уулзалтуудын явцад авсан байгаа юм. Гэрэл зургийн архивын ачаар Халхын голын баатрууд үе үеийнхний дурсамж оюунд үл мартагдана.
«Халхын голын тухай амьд дурсамж» хэмээх гуравдахь хэсэг нь амь үрэгдсэн баатруудын дурсгалыг сэргээх эрхэм зорилго бүхий ажлыг үргэлжлүүлж яваа өнөө цагийн эрлийн экспедицүүдийн үйл ажиллагааг харуулжээ. Сүүлийн жилүүдэд Халхын голын тулалдааны талбараас зуугаар тоологдох цэргийн цогцсыг олсон, энэ эрэл үргэлжилж байгаа юм.
Ёслолын арга хэмжээг нээж үг хэлсэн Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Кильпякова энэ үзэсгэлэн бол “нэг ёсны эрин цаг, үе хоорондын харилцан дуудлага” болж үзэгч бүрийг түүхэн үнэн, Халхын голын баатруудад хүндэтгэл үзүүлэхэд уриалж байгааг онцлоод: «Одоогоос яг 85 жилийн тэртээ буюу 1939 оны наймдугаар сард монголын газар нутаг дээр өрнөсөн байлдаан нь Дэлхийн хоёрдугаар дайны оршил болж, түүний эцсийн үр дүнг ямар нэг байдлаар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэтгэсэн юм. Халхын голд байгуулсан ялалт бол зөвлөлт, монголын ард түмнүүдийн эрэлхэг зориг, эв нэгдлийн бэлэгдэл юм. Хэдэн арван жилийн дараа ялагч ард түмнүүдийн үр хойч хамтдаа баатруудаа дурсан хүндэтгэж тэдний байгуулсан гавьяаг ирээдүйн хойч үеийн сэтгэл зүрхэнд мөнхөлж байна» хэмээн тэмдэглэв.
Улаанбаатар дахь Русский Дом-ийн байгуулсан “Халхын голын Ялалтын 85 жилийн ой: Алдар гавьяаны амьд түүх” гэрэл зургийн үзэсгэлэнг “Мөнх дурсагдах баатрууд” ТББ дэмжиж, 1939 оны баатрууд - “зэвсэг нэгт ахан дүүс”-ийн дайчин алдрын баталгаа болсон үзмэрүүдээ дэлгэсэн байна.
Үзэсгэлэнг нээх өдөр Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын талбар ард түмнүүдийн найрамдлын уур амьсгалаар дүүрэн байлаа. “Курган-Улаанбаатар” морин аялал, «Дурсамж цаг хугацаанаас хүчтэй» олон улсын залуучуудын 6-р экспедицийн гишүүд тэнд цугларсан монголын иргэд, оросын эх орон нэгтнүүдэд өөрсдийн эх оронч ажиллагааны тухай ярьж өгч байсан бол, Буриадын Ардын фронтын Бүсийн штабын төлөөлөгчид мөн “Баатруудын гэргий нар” төслийнхөө талаар танилцуулсан юм.
«Бидний хамтын түүх, найрамдалд гүн хүндэтгэл үзүүлж, дурсан санаж буйд баярлалаа..», «маш сонирхолтой үзэсгэлэнгүүд байна. Халхын голын Ялалтын ойд зориулан маш сайхан арга хэмжээ зохион байгуулсанд талархал илэрхийлье», «..Монгол, Оросын найрамдлыг эргэн санах дахин нэг боломж боллоо.. Өнөөдөр чин сэтгэлийн, дулаан уур амьсгал дүүрэн байлаа..», - гэсэн нь “Халхын голын ялалтын 85 жил: Алдар гавьяаны амьд түүх” үзэсгэлэнг анхлан үзсэн хүмүүсийн сэтгэгдлийн зах зух төдий юм.
Улаанбаатар дахь Русский Дом уг үзэсгэлэнг гаргахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн бүгдэд гүн талархал илэрхийллээ. Ялангуяа “Бүгд Найрамдах Буриад Улсын Архив”, Хангарьд ТББ (Д. Баяртогтох), Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эх үүсвэр, мэдээллийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Баасанжаргал, эрхүүгийн гэрэл зургийн сэтгүүлч К. Куликов нарт үзэсгэлэнд тавьсан гэрэл зургийн материалуудын төлөө онцгойлон баярлаж талархсанаа илэрхийлэв.
Үзэсгэлэн наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 30-ныг дуустал ажлын өдрүүдэд 09.00 цагаас 17.00 цаг хүртэл ажиллаж байна. Хүссэн хүн бүрийг энэ түүхэн төслийг үзэж сонирхон Халхын голын амьд түүхтэй танилцахыг урьж байна.
В сюжете: Халхин-ГолвыставкаМонголияРоссия