Буриадад хиймэл оюун ухааны тусламжтай ойн түймрийг урьдчилан мэдээлэх програм боловсруулжээ
Нээлттэй мэдээлэлд тулгуурлаж түймрийг 85 орчим хувийн нарийвчлалтай урьдчилан тооцоолох чадалтай байна.
Дорнод Сибирийн удирдлага, технологийн улсын их сургуулийн мэргэжилтнүүд ойн түймрийг урьдчилан тооцоолох зориулалттай шинэ программ зохиож бүртгүүлжээ. Машин сургалтын загвартай уг програм нь сансрын хиймэл дагуулуудын мэдээллийг автоматаар цуглуулж боловсруулан гал түймэр гарч болзошгүй объектуудыг таньж илрүүлэх болон газрын зураглал гаргах чадамжтай байна.
Байгаль хамгаалах байгууллагууд болон ой хамгаалах бүс нутгийн төвүүд зэрэг газруудад энэ програм ач тустай. Ойн түймрийг урьдчилан мэдээлэх загварчлалыг боловсруулагчид нь Дорнод Сибирийн удирдлага, технологийн улсын их сургуулийн Хиймэл оюун ухаан болон мэдээллийн сангийн анализын эрдэм шинжилгээний лабораторийн эрхлэгч, профессор Лариса Найханова болон «Программын инженерчлэл ба хиймэл оюун ухаан» тэнхимийн ажилтнууд: доцент Инна Тулохонова, доцент Инга Евдокимова, «Програмын инженерчлэл» салбарын магистрантурын төгсөгч Александр Суворов нар юм. Тэдний зохиосон програм нь дэлхийн гадаргыг хянаж, гал түймэр гарч болзошгүй халууны цэгүүдийг илрүүлдэг MODIS хиймэл дагуулуудаас мэдээлэл авч ашигладаг байна. Бүгд найрамдах Буриад улсын нутаг дэвсгэрийн тухайд шаардлагатай мэдээллүүдийг авахын тулд эрдэмтэд HTML кодоос дулааны урсгалд хадгалагдаж байгаа халууны эрс үзэгдлүүд зэргийн талаарх зурагчилсан файлуудын линкүүдийг авчээ. Улмаар тэдгээрийн тусламжтай загварууд нь суралцсан байна.
«Уг програмын эх загвар нь ойн орчин дахь гал түймрийг илрүүлэх болон урьдчилан мэдээлэх хэрэгсэл болдог. Хангалттай өндөр нарийвчлалтай учир байгаль орчныг хамгаалах болон экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгын үүднээс ойн нөөцийн удирдлага, хяналтыг илүү үр дүнтэй болгоход дөхөмтэй», - гэж боловсруулагчид нь тэмдэглэв.
Тэдний тодотгон хэлснээр, уг програм нь нээлттэй эх сурвалжуудад түшиглэн гал түймрийг 85 орчим хувийн нарийвчлалтай урьдчилан мэдээлэх чадамжтай байна. Зохиогчид одоогийн байдлаар, програмаа бодит мэдээлэл дээр туршин шалгаж, бас иж бүрэн цогц программ болгон хөгжүүлэх чиглэлд ажлаа үргэлжлүүлж байна.